ОХУ-ын Гадаад хэргийн /ГХ/ дэд сайд Игорь Моргулов, Японы ГХ-ийн дэд сайд Такэо Мори нар найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээнд хоёр орны удирдагчдын тусгай төлөөлөгч болжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яамны ГХЯ/ хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Япон болон ОХУ-ын удирдагчид Буэнос-Айрест хэлэлцээ хийх үеэрээ найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээг түргэтгэхэд илүү их хүчин чармайлт гаргахаар тохиролцож, энэ хариуцлагыг хоёр орны ГХ-ийн дэд сайд нарт хүлээлгэлээ. Тэд хэлэлцээг хийх бөгөөд Игорь Моргулов ОХУ-ын Ерөнхийлөгчийн, харин Такэо Мори Японы Ерөнхий сайдын тусгай төлөөлөгчөөр томилогдлоо” гэж мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэг ирэх оны эхээр ОХУ-д айлчлахын өмнө хоёр орны ГХ-ийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг зөвшилцөхөөр шийдсэн байна.
Бямба гарагт Аргентины нийслэл хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Абэтэй хэлэлцээ хийхдээ найрамдлын гэрээ байгуулах асуудлыг шийдэх шинэ механизм бий болгохоор тохиролцсон тухай Путин мэдээлжээ. Түүний хэлснээр, энэ зорилгоор хоёр орны удирдагчид тусгай төлөөлөгчдийг томилох бол, энэ ажлыг хоёр орны Гадаад хэргийн сайд нар шууд удирдан зохион байгуулна.
МОНЦАМЭ