“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр ХНХЯ-наас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх нь” чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсад нийт 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бөгөөд энэ нь нийт хүн амын 3 хувьтай тэнцэж буй юм. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжих, хөдөлмөрлөх эрхийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд чуулганы зорилго оршиж байна. Чуулганд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, төрийн болон төрийн байгууллагын 550 гаруй төлөөлөгч оролцлоо.
Чуулганы эхэнд ХНХ-ын сайд С.Чинзориг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, бусдын нэгэн адил нийгмийн харилцаанд оролцох, боломжийг бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлжээ. Мөн ХНХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулан ажиллуулж байна. Тус газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байгааг илтгэлдээ дурьдсан юм.
Түүнчлэн ХНХ-ын яамнаас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2018 онд 12 мянга гаруй иргэнийг хамруулж, 8,6 тэрбум төгрөг зарцуулсныг онцлоод, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бусдаас онцлог, өвөрмөц хэрэгцээ шаардлага бий. Тэдний энэ өвөрмөц хэрэгцээ, шаардлагыг өөрсдийнх нь, гэр бүл, ойр дотныхны нь, нийгэм хамт олны оролцоо дэмжлэггүйгээр бүрэн дүүрэн хангах боломж төрд байхгүй юм.
Тиймээс Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөөх ТББ-уудтай хамтран ажиллахыг илүү үр дүнтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 19.3 мянган ТББ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Цаашдаа төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Төрөөс дэмжлэг хүссэн байгууллага бүртэй гэрээ байгуулан санхүүжилт олгох боломж бидэнд хомс байдаг. Тиймээс ТББ-ууд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхийн тулд өөрсдөө хөгжих, чадавхижих, зохион байгуулалтаа боловсронгуй болгох, аль нэг чиглэлээр дагнан мэргэших хэрэгтэй. Мөн иргэд ТББ-ынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх нь чухал юм. Иргэдийн оролцоо, хяналтгүй ТББ-ын үйл ажиллагаанд төрийн үйлчилгээг хариуцуулах боломжгүй” хэмээв.
Чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар илгээлт ирүүлжээ. Монгол Улс 1961 оноос төрийн бодлого, баримт бичиг, хууль дүрэмдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах талаар зүйл, заалт тусгаж эхэлсэн бөгөөд 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгджээ. Энэ хүрээнд төр засгаас хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр эрх зүйн баримтууд батлан хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгааг илгээлтэдээ дурьджээ.
Ерөнхийлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 25 бас түүнээс дээш ажилтантай ААН-үүд нийт ажлын байрныхаа 4 болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах заалтыг хэрэгжүүлээгүй бол сар бүр төлбөр авдаг болох чиглэлийг Засгийн газарт өгчээ. Мөн төлбөрийг тодорхой санд төвлөрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, жирийн хүмүүстэй ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэхэд зарцуулахыг чиглэл болгосон бөгөөд уг асуудлыг Засгийн газар УИХ-ын намрын чуулганаар шийдвэрлүүлэх ёстойг илгээлтэд онцолжээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Засгийн газраас Хөгжлийн бэхшээлтэй иргэний асуудал хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулан ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, 6 аймагт ийм төв байгуулах зорилт тавин ажиллаж байна гэлээ. Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд өдрөөр үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай иж бүрэн төв, Спорт цогцолбор барих бэлтгэлийг хангаж байна.
Засгийн газраас 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд 21.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн эдгээр иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулна” гэдгийг цохон тэмдэглэв.Чуулганд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс нэн тэргүүнд нийгмийн тэгш, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг онцолж байлаа. Тухайлбал, гэрлэн дохиог дуут дохиотой болгох, томоохон ААН, байгууллагуудыг налуу замтай болгох зэрэг нийгмийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг энгийн иргэдийнхтэй адил байлгахад анхаарах санал хэлж байв.
Иргэн С.Алтанцэцэг, “Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвд 34 жил ажиллаж байна. Ам бүл 3, ганц би ажил хийдэг. Цалингаасаа зээлээ төлөөд, байрны түрээсээ төлж, амьжиргаагаа залгуулдаг. Сүүлийн үед бараа, бүтээгдэхүүний үнэ өсч,амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд боллоо. Удахгүй тэтгэвэрт гарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 240 мянган төгрөгөөр тогтоодог. Энэ нь амьдралаа залгуулахад хүндрэлтэй тул бидний тэтгэврийг жирийн иргэдийнхтэй адил хэмжээнд байлгахыг хүсч байна. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах чиглэлд төр анхаарлаа хандуулаасай, манай байгууллагын харааны бэрхшээлтэй иргэдийг цалингаа аваад дэлгүүрт хэрэглээний зүйл худалдаж аваад явж байхад нь дээрэмдсэн тохиолдол удаа дараа гарсан” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, “Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлд ихэвчлэн эрүүл мэндийн болон халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, эмчлэх, мөнгөн тэтгэмж олгох. Цаашдаа Боловсрол, Барилга, хот байгуулалтын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, барилга, хот байгуулалтын салбарын хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэх зохицуулалт оруулах шаардлагатай байна. Харин боловсролын салбарын хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дээд боловсрол олгох асуудлыг нарийн тусгах хэрэгтэй. Одоо бол зөвхөн “тусгай боловсрол” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүрэн дунд боловсрол л олгож байна. Харин дээд боловсрол эзэмшихэд нь төр хэрхэн дэмжих, их, дээд сургуулиуд орчноо, сургалтаа хэрхэн өөрчлөх зэргийг хуульчлах хэрэгтэй юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс халамж аваад суух бус өөрсдөө мэргэжил эзэмших, хөдөлмөр боломжийг бүрэн нээнэ” хэмээв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр иргэний нийгмийн болон ТББ-уудын үйл ажиллагаа хангалтгүй байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 500 гаруй ТББ байгаа нь бидний хүч хэт тарамдсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ бүх байгууллагыг нэгтгэн зангидаж, төрдөө нэмэлт хүч болон ажиллах нь туйлын чухал. Төрийн зүгээс ч ТББ-уудтай гэрээ байгуулах чиглэлээр ч зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.
Чуулганы төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж холбогдох албаныханд хүргүүлэх юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.