Улаанбаатар хот агаарын бохирдол хамгийн их үедээ ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын стандартаас даруй 35 дахин өндөр байдаг. Нийт агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлж байна. Агаарт ялгарч буй утааны гол бохирдуулагч нь нарийн тоосонцор байдаг бөгөөд үүнээс үүдэн уушгины хорт хавдар, зүрх судасны өвчнөөр нас барах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Иймд Монгол, Германы инженерүүдийн хамтран бүтээсэн “Электростатик тортог баригч”-ийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 100 өрхөд туршиж эхэллээ. Уг төхөөрөмж нь гэр болон байшинд аль алинд нь тохиромжтой, янданд суурилуулах зориулалттай юм. Туршилтыг дээрх 100 өрхөд өвлийн турш хийж, хавар үр дүнг шалгахаар төлөвлөсөн байна. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд талбайн тест болон агаарын бохирдлыг хэмжин анализ шинжилгээг хийх юм.
Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороо нийслэлийн хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт ордог. Агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зуух, түлш тарааж байсан ч үр дүн гараагүй. Энэ удаагийн төсөл Европт хэдийнэ туршигдсан технологийг Монгол, Герман инженерүүд хамтран монголын хөрсөнд буулгах, газар дээр нь туршиж, сайжруулах боломжтой учраас амжилттай хэрэгжинэ гэдэгт талууд итгэлтэй байна. Монголдоо өөрсдөө үйлдвэрлэж, болохгүй зүйлийг нь тухай бүрт нь засаж шинэчлэх аж. Тиймээс хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээг цаг алдалгүй авах давуу талтай юм байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел агаарын бохирдлыг бууруулах, шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн дулаан алдалтыг бууруулах зорилгоор 64 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна гэв.
Электростатик тортог баригч нь цахилгаанаар ажиллана. Янданд суурилуулснаар утаанд агуулагдаж байгаа нарийн ширхэгт тоосонцор уг тортог баригчаар дамжин цугларч, бие биетэйгээ наалдан том хэмжээтэй хөө тортог болох юм. Энэ хөө тортогийг гар аргаар цэвэрлэх боломжтой бөгөөд тогшиж унагаагаад хаяна. Ингэснээр гэр хорооллын яндангаас гарч буй утаанаас үүсэх агаарын бохирдол мэдэгдэхүйц буурахыг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн инженерийн факультетийн декан, доктор, профессор Гунтер Штер танилцуулгадаа дурдлаа.
Тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд хамтран Цэвэр агаартай гэр хороолол – Улаанбаатар хотын гэр хорооллын “Гэрийн зуухны утааны хий цэвэршүүлэх” төслийн тортог баригчийн туршилтын загварыг өнгөрөгч 6 дугаар сард техникийн хувьд бүрэн ажиллаж байгааг баталгаажуулжээ.