УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ж.Мөнхбат гишүүн болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын яриа намын хүрээнд өрнөв. Намын асуудлыг намын хурлаараа ярь, энэ бол УИХ-ын чуулганы хуралдаан. гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэдэнд сануулав. Харин Ж.Мөнхбат гишүүний асуултад Ерөнхий сайд дараах хариуг өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Би зарчим барьж гарын үсэг зурсан гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд зарчим ярихаа больсон. Сайд нараа хаацайлдаг. Би У.Хүрэлсүх даргыг хүндэлдэг. Хэрэгтэй юм яривал өмөөрнө. Гэхдээ энэ хүний зарчим, хэрэгжүүлж байгаа бодлого хоёр нь болохгүй байна.
Өчигдөр намайг нэр бүхий хэдэн хүний хамт намаас хөөсөн байна лээ. 11 хүнтэй хуралдаж ийм шийдвэр гаргасан гэнэ лээ. Би нэг зүйлийг хэлье. Нам бол намын даргын хувийн компани биш. Намаас хөөнө, айлгана, туулгана, цэрэг цагдаа энэ бүгдээс айхгүй ээ. Үнэн үгээ хэлсээр байгаад дуусна.
2012 оны сонгуулийн өмнө яг ийм явдал болж байсан. Д.Тэрбишдагва гишүүн, Ц.Даваасүрэн сайд, Ч.Улаан гишүүн, талийгаач н.Чулуунбат нарыг У.Хүрэлсүх дарга ЕНБД байхдаа өөрийг нь шүүмжлээд байна гэж намаас хөөж байсан юм. Намайг өрөөндөө дуудаад “миний дүү эд нарыг шүүрдэх жагсаал зохион байгуулаад өгөөч” гээд, би тэр жагсаалыг нь Сүхбаатарын талбай дээр зохион байгуулаад, эд нарынх нь зургийг шатаагаад шүүрдээд, пошик нүдээд явж байсан. Би үүндээ харамсдаг. Энэ нөхдөөсөө уучлалт гуйя. Үүний үр дүнд МАН хоёр хуваагдсан. 2012 оны сонгуульд ялагдаж гудамжинд гарсан. У.Хүрэлсүх дарга маань алс холын Австрали руу явсан. Дуудаж авчраад Шадар сайд болгосон. Дахиад Шадар сайд болгосон. Гэтэл одоо энэ нөхцөл байдал үүслээ. Одоо намын нөхөд нь шударга ёсны үүднээс үг хэлснийх нь төлөө намаас хөөж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ялагдвал Австрали явсан шигээ дахиад гадаад руу зугтаагаад явах уу гэж асууя?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариулахад хөгийн юм. Хариулахаас даа. Намын түүх яривал миний дүү чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авчирсан ч юм биш. Харин би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү миний дүү. Тийм учраас ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг зан гаргаад хэрэггүй. Би чиний талаар яривал зөндөө юм ярина. Хүний сайхан тусыг битгий мартаж байгаарай. Чамайг намаас хөөсөн юм одоогоор байхгүй. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг. Миний зөвлөхийг зодчихлоо гээд байсан чинь ах дүү нартайгаа архи ууж байгаад л зодолдсон юм байна лээ шд.
Намаас хөөх, хөөхгүй асуудлыг намын дарга шийдэхгүй. Намын хяналтын ерөнхий хороо шийднэ. Би намаас хасах хүмүүсийн нэрсийг гаргаж зарлана. Манай нам ардын нам болохоос авлигачдын, олигархиудын нам биш. Тийм учраас миний тэмцэл ингэж эхэлж байгаа юм. Их цэвэрлэгээнээс болж сонгуульд ялагдвал ялагдана л биз. Би ялагдлаас айдаг хүн биш. Нэр дэвших эсэхийг намын олон түмэн шийднэ, Бага хурал шийднэ. Сонгуулиас айдаг жижигхэн хүн биш. Дүү хүү аятайхан байгаарай. Чи бол баялаг түүхтэй хүн шүү. Карьерт нь гай болчих болов уу гээд ах хүний хувьд тэсээд тэвчээд байгаа шүү.