УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.28) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцуулахад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөгийн нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээг бууруулсан хугацааг үргэлжлүүлэн сунгахтай холбоотой хуулийн төсөл буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зохимжгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хариулахдаа, хуулийн төслөөр зөвхөн хугацаа сунгах асуудлыг хэлэлцэх бөгөөд салбарын сайд нь хуралдаанд оролцохгүй тохиолдолд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаа мэдэгдэв.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “Засгийн газрын асуудал яригдаж буйтай холбоотойгоор гишүүд Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байна. Хуралдаанд оролцож байсан гишүүд хэлэлцүүлгийн явцад хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Ирц хүрэхгүй байна. Иймд хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гэв. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учир Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.