Байсхийгээд л зодоон цохион хийсэн гэх мэдээлэл гардаг байсан ИНЕГ-ынхан холбогдсон харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, зодолджээ.
Үүний улмаас ИНЕГ-ын ахлах мэргэжилтэн Х нь хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Уг хэрэг ажлын бус цагаар, шөнийн цэнгээний болсон аж. Үүнээс хэдхэн сарын өмнө ИНЕГ-ын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жуулчин” төвийн караокед үйлчлүүлж байгаад бармен залууг зодож, танхайрсан хэрэг гарсан билээ.
Тэд тус байгууллагын дотоод журмыг зөрчин тамхи татаж байсан тул бармен О.Т шаардлага тавьсан байна. Гэтэл тэд “Бид нар шиг хүмүүст шаардлага тавьдаг чи муу хэн бэ, айн, Тэр дарга, захирлаа дууд. Ах нарт чинь арга хэмжээ авдаг хоншоортой цагдаа Монголд байхгүй” гэх зэргээр агсарч, О.Т-г бүлэглэн зодсон хэмээн хэвлэлээр гарч байсан юм. Мөн ИНЕГ-ын нэр бүхий удирдлагууд “Чингис хаан” ОУНБ дээр УИХ-ын нэр бүхий гишүүнд агсам тавьж, танхайрсан тухай “Зууны мэдээ” сонин бичиж байв.