МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2018.11.27) хуралдлаа. Тус хуралд 10 гишүүн нь оролцох боломжгүй тухай шаардлага хүргүүлсэн байгаа. Гэсэн ч бусад 13 гишүүн хуралдаж шийдвэр гаргасан талаар сая мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Удирдах зөвлөл Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа гэдгийг дурьдлаа. Засгийн газрыг огцруулахаар нэр бүхий 27 гишүүн шаардлага хүргүүлсэн. МАН-ын бүлгийн тэдгээр 27 гишүүнээс бусад 37 гишүүн У.Хүрэлсүхийг үргэлжлүүлэн ажиллуулж, амлалтаа биелүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэж Мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд МАН-ын бүлгийн 35 гишүүн гарын үсгээ зуржээ. Мэдэгдэлд, Засгийн газрыг огцруулах нь нийгэмд шударга ёсыг тогтоох ажлын эрч хүчийг сулруулж, улс оронд нийгэм, эдийн засгийн хямрал бий болгох эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалсан байна.
Мэдээллийн үеэр Т.Аюурсайхан “Засгийн газрыг унагах санаархал нь нэр бүхий хүмүүс албан тушаалаа хадгалж үлдэх, улс төрийн болон төрийн эрх мэдлээ хадгалж үлдэх, цаашид улам лавшруулах, У.Хүрэлсүхийн ард түмэндээ амласан амлалтыг хэрэгжүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, хуулийн хариуцлагаас тодорхой хүмүүс зайлсхийх, зугатах, сүүлийн олон жил төрийг ялзруулж байгаа асуудлуудыг цэгцлэхэд, шударга ёсыг тогтооход, нэр бүхий хүмүүсийг улс төрөөс болон намаас холдуулах ажиллагаанд саад болох гэсэн санаархал мөн.” гэв.
Нийт МАН-ын бүлгийн 65 гишүүнээс:
Т.Аюурсайхан
Х.Баделхан
Сү.Батболд
О.Батнасан
Б.Баттөмөр
Х.Болорчулуун
Ж.Ганбаатар
Ц.Гарамжав
Ц.Даваасүрэн
Д.Дамба-Очир
Б.Жавхлан
Г.Занданшатар
Х.Нямбаатар
Ц.Нямдорж
М.Оюунчимэг
Л.Оюун-Эрдэнэ
Ш.Раднаасэд
Д.Сарангэрэл
Я.Содбаатар
Г.Солтан
Д.Сумъяабазар
А.Сүхбат
Д.Тогтохсүрэн
Ч.Улаан
Н.Учрал
Ч.Хүрэлбаатар
Д.Цогтбаатар
Н.Цэрэнбат
С.Чинзориг
Л.Элдэв-Очир
Б.Энх-Амгалан
Ж.Энхбаяр
Л.Энхболд
Н.Энхболд
С.Энхтүвшин нар Засгийн газрыг тогтвортой авч үлдэх Мэдэгдэлд гарын үсгээ зуржээ.
Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай.