Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газар, гамшгаас хамгаалах алба, нутгийн захиргааны байгууллагууд хамтран ажиллаж байна.
Шуурганд төөрсөн 9 иргэний амь насыг авран хамгааллаа Хүчтэй салхи, шуурганы улмаас Увс, Баян-Өлгий аймагт нийт 9 иргэн, 10 зорчигтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллалаа. Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан-Үзүүр” гэдэг газар малдаа яваад шуурганд төөрч сураггүй болсон иргэн Ц (46 настай, эмэгтэй), Б (23 настай, эрэгтэй) нарыг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Модон хөшөө” гэдэг газар сураггүй болсон иргэн Е (44 настай, эрэгтэй), 6, 12 настай хүүхдүүдийн хамт, мөн аймгийн Толбо сумын “Дөрөө нуур” гэдэг газар 700 гаруй толгой малтайгаа шуурганд уруудсан иргэн Б (45 настай, эрэгтэй) нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгөөд байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 10 зорчигчтой 2 автомашинтай иргэд цасан шуурганд төөрсөн дуудлагаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт хүргэсэн. Хүчтэй салхи, шуурганы улмаас нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан байна Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-алтай аймагт нийт 210 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч, нурсан байна.
Тодруулбал, Завханаймгийн Завхан суманд 1, Наранбулаг суманд 16, Өлгий суманд 11, Өмнөговь суманд 10, Сагил суманд 2, Тариалан суманд 25, Улаангом суманд 9, Ховд суманд 1 нийт 75 гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж байгууллагын 23 барилгын дээвэр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 3, Алтанцөгц суманд 2, нийт 5 айлын гэр, Ховд аймгийн Дарви суманд 2 гэр, 2 барилгын дээвэр, 30 хашаа, Цэцэг суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, Мөнххайрхан суманд 4 гэр, 4 хашаа, Мөст суманд 3 гэр, Жаргалант суманд 2 гэр, 1 барилгын дээвэр, 1 хашаа, Чандмань суманд 2 гэр, 10 хашаа, Зэрэг суманд 6 гэр, 34 хашаа, Эрдэнэбүрэн суманд 6 гэр, 5 хашаа нийт 28 гэр, 4 барилгын дээвэр, 84 хашаа, Говь-Алтай аймгийн Бугат суманд 95, Тонхил суманд 1, Төгрөг суманд 1, Хөхморьт суманд 5, нийт 102 гэр нурсан. Нийт 4 аймгийн 52 суманд цахилгаан тасарсан Хүчтэй салхины улмаас Увс аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасан.
Үүний улмаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Сэргээн засварлах ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.