Цас орсонтой холбоотойгоор замын түгжрэл, халтиргаа гулгаа нэмэгдээд байгаа энэ үед зам талбай цэвэрлэх тоног төхөөрөмж, цас хайлуулах бодис, давс хангалттай байгаа эсэхийг Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тодрууллаа.
Тус байгууллага энэ оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зам талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг нөөцөлж, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
ЭНЭ ӨВӨЛ 77 МАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭНЭ
-Энэ өвөл автобаазын хог тээврийн битүү компакт машин 15, хог тээврийн задгай машин найм, бага оврын ачааны машин тав, тусгай зориулалтын бодис цацах зориулалтын машин 10, хүн тээврийн машин зургаа, зам цэвэрлэгээний машин 20, механизм 12, бохир сорох машин нэг зэрэг нийт 77 машин техник хэрэгсэл цэвэрлэгээний ажил гүйцэтгэнэ. Мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур 125 ширхэг, бичил төхөөрөмж 15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж, янзалжээ.
900 ТОНН БОДИС, 500 ТОНН ДАВС НӨӨЦӨЛЖЭЭ
-Бодис хүлээн авах талбайг бэлтгэн, гадна талбайн гэрэлтүүлгийг шинээр суурилуулж, гражуудын хаяавчийг засварлаж дулаан алдалтыг багасгасан байна. Халтиргаа гулгаа арилгах тусгай зориулалтын бодис 900 тонн, давс 500 тоннын нөөцтэй.
370 ГАРУЙ ХҮН НИЙСЛЭЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭНЭ
-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 156.6 км зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 370 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.