Олон улсын спортын тэмцээнд Тайван (Taiwan) гэх нэрээр оролцох талаар ард нийтийн санал асуулгыг авах гэж буй Тайванд Олон улсын олимпын хорооноос (IOC) олимпид оролцох эрхийг хасах талаарх сануулгыг өгсөн тухай AFP–ээс энэ сарын 20-ны өдөр мэдээлсэн байна. Олон улсын олимпын хорооноос Тайван улсыг 2020 оны Токиогийн Олимпид “Chinese Taipei ” буюу “Хятадын Тайпэй” гэдэг нэрийн оронд Тайван (Taiwan) гэх нэрийг хэрэглэхээр болох юм бол олимпид оролцуулах боломжгүй гэсэн албан захидлыг өнгөрсөн долоо хоногт Хятадын Тайпэйн олимпын хороо болон Тайваны засгийн газарт хүргүүлсэн байна.
1971 онд Тайваныг түлхэн НҮБ-ын гишүүн улс болсон Хятад улс нь БНХАУ хэмээх нэрийг Тайванд хэрэглүүлэхгүй байх бодлогыг баримталж ирсэн бөгөөд Хятадын Тайпэй гэдэг нэрийн оронд Тайван гэх нэрийг ашиглах гэж байгаа үйлдлийг нь улс төрийн бие даасан байдлыг эрэлхийлж байгаа үйлдэл хэмээн үзэж эсэргүүцээд байгаа юм байна. Тайван улс 1984 оноос Олимпид Хятадын Тайпэй гэх нэрээр оролцоод байгаа бөгөөд албан ёсны төрийн далбааны оронд Хятадын Тайпэйн олимпын хорооны далбааг хэрэглэдэг ажээ.
IOC нь албан захидалдаа нэр өөрчлөлтийн асуудал IOC-гийн хуулийн эрхэд хамаарах бөгөөд нэр өөрчилсөнөөс бий болох үр дагаврыг сануулан бичсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын Тайпэйн олимпын хороонд Тайван гэх нэрийг хэрэглэвэл олимпид оролцох боломжгүй гэсэн сануулгыг IOC-оос өгч байжээ. Тайван улс нь энэ сарын 24-ний өдрөөс орон нутгийн сонгуулийг хийнгээ ижил хүйстнүүдийг гэрлэлтийг зөвшөөрөх, Фүкүшимад үйлдвэрлэсэн Японы бүтээгдэхүүний импортыг хориглох, олон улсын спортын тэмцээнд Тайван гэх нэрээр оролцох зэрэг 10 гаруй асуудлаар ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахаар болсон.
Улмаар санал асуулгын дүнд Тайваний иргэд Бээжинтэй найрсаг, энх тайван харилцааг хөгжүүлэхийг дэмжин, “Хятадын Тайпэй” гэдэг нэрээр 2020 оны олимпод оролцохоор болжээ.