УИХ-ын нэр бүхий гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулаад байгаа. Гишүүд ийн оффшорын эсрэг ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор оффшор гэх ойлголтыг хавтгайруулан харлуулаад байна. Бизнест бол оффшор гэх ойлголт хэвийн л зүйл хэмээн хэлэгсэд байгаа. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “Оффшор бүс гэдэг бол хууль бус юм.
Бизнес эрхлэгчид ч гэсэн улсынхаа татварыг хууль тогтоомжийн дагуу татвараа төлөх үүрэгтэй. Төлөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Оффшор бүсэд байгаа мөнгө бол тэр чигээрээ хууль бус мөнгө. Улстөрчид нь авлигын мөнгөө нуух зорилгоор, бизнес эрхлэгчид нь татвараас хөрөнгөө зугатаалгах зорилгоор, мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг маш олон шалтгаанаар хөрөнгө байршуулдаг, тэр чигээрээ хууль бус.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс руу орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 75 хувь нь оффшор бүсээс байна гэж албаны зарим хүмүүс оффшорыг хамгаалах маягтайгаар хэлж байна лээ. Маш буруу. Хамгаалж, хаацайлах юм байхгүй. Улсаа худалдаад, байгалийн баялгаа худалдаад авсан хууль бус авлигын бохир мөнгөө оффшорт хийчихээд хөрөнгө оруулалт нэрээр Монгол руу буцааж байршуулж байна. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг юм. Монгол Улсад хэд дахин мянган хор хохирол учруулж байгаа.
Тэр хор хохиролын мянганы нэгхэн хувь нь хөрөнгө оруулалтаар орж ирсэн.Оффшорын хуулийг баталснаар хөрөнгө оруулалт буурна гэж ярьж байгаа, буруу. Харин ч хууль баталж, энэ бүх хууль бус ажиллагааг таслан зогсоох юм бол Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт илүү нэмэгдэнэ” хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн