Мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн хэрэглээний техник технологи, зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани “IDC Day Roadshow-2017” уулзалтыг “Тоон хувиргалтын зам руу” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулав.
Дэлхий нийтэд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Тэр хирээр кибер халдлага гарч хувь хүн, байгууллагад ихээхэн хохирол учруулсаар байгаа юм. Монгол Улсын хувьд мэдээллийн технологи, хамгаалалт хөгжлийн шатанд байгаа. Тиймээс өнөөдрийн хуралд IDC, “QUALYS”, “SAMSUNG” зэрэг дэлхийд мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэргүүлэгч компани, дотоодын “Вертексмон”, “Секьюрити Солюшн Сервис, Консалтинг” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, олон улсын кибер аюулгүй байдлын туршлага, хамгаалалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэргийг танилцуулав.
Өнгөрсөн онд дэлхий нийтэд хэд хэдэн томоохон захиалгат кибер халдлага гарсан талаар IDC компанийн Төв Ази, Азербайжан болон Монголын бүс нутгийг хариуцсан захирал Андрей Беклемишев илтгэлдээ дурьдав.
Тухайлбал, БНХАУ-ын хакерууд Тесла Моторс компанийн Автомат машины систем рүү нэвтэрчээ. Мөн 2016 онд гар утасны “Mobile Bank”-ны системийг хакердаж, хувь хүний болон банкнуудын санхүүгийн аюулгүй байдалд заналхийлэх болсон байна. Түүнчлэн Бангладешт хакерууд 81 сая ам.доллар хулгайлах гэж байсныг хамгаалалтынхан шуурхай илрүүлж таслан зогсоосон зэргээр жишээ татсан юм.
Тэрбээр, “Хөгжингүй улс орнуудын мэдээлллийн технологи хэрглэгч иргэдийн 80 хувь нь кибер халдлагад өртөх магадлалтай байгаа юм. Тиймээс интернэтийн төхөөрөмж үйлдвэрлэгчид аюулгүй байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч байгаа. Ирэх онд дэлхийн аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хиймэл оюун ухаан ашиглана гэсэн тооцоолол бий” хэмээв.
Мөн үеэр IDC компаний Европ, Ойрхи Дорнод болон Африкийн (EMEA) бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивен Францен мэдээллийн технологийн хөгжлийн талаар илтгэл тавив.
Тэрбээр, “Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлснээр бүтээмж, үр дүн, орлого нэмэгддэг. Тиймээс 2018 он гэхэд дэлхий нийт цахим системд шилжихийн тулд 2.2 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол бий. Үүний дүнд 2020 он гэхэд ихэнх аж ахуйн нэгжүүд орлогынхоо 50 хувийг цахим үйлчилгээгээр олдог болно. 2016 онд европын компаниудын 80 хувиас дээш нь цахим системд шилжиж эхэлсэн. 2019 онд 100 хувь шилжинэ.
Ихэнх байгууллага үндсэн үйл ажиллагаандаа чиглэсэн хөрөнгө оруулалтад төвлөрдөг байсан бол одооноос хөрөнгөө цахим хэлбэрт шилжихэд зарцуулдаг болох хандлага ажиглагдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд цахим системд шилжихийн тулд удирдан зохион байгуулах хүмүүсээ бэлдэх нь чухал. Мэдээллийн технологийн хөгжлийн дөрөвдүгээр үе шат эхэлж байна. Энэ шат нь технологийн хөгжлийг хүний бие мах бодийг сэргээхэд ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хиймэл эрхтэн суулгах гэх мэт. 2020 он гэхэд энэ чиглэлд үсрэнгүй хөгжих болно. Тухайн үед АНУ-ын ажлын байрны 45 хувь нь автомат болсон байна гэсэн тооцолол гарсан” гэлээ.
Түүнчлэн “Секьюрити Солюшн Сервис, Консалтинг” компанийн ерөнхий зөвлөх Т.Халтар “Байгууллагуудад зориулсан цахим шилжилтийн зураглал” сэдвээр илтгэл тавив.
Монгол Улс мэдээллийн технологи, цахим орчинг хөгжүүлэх, ухаалаг засаглал байгуулах тухай ярих болсон. Аж ахуйн нэгж хэдэн компьютер худалдаж аваад интернетэд холбоод л цахим байгууллага боллоо гэж ярьдаг нь эндүүрэл хэмээн илтгэлийнхээ эхэнд онцолсон юм.
Дэлгэрэнгүйгhttp://www.montsame.mn/dotood-medee/50424 эндээс сонирхон уу.