Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт 13 төмөр тулгуур багана унасан байна. Увс аймгийн Улаангом сум, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт энэ сарын 24-25-ны өдрүүдэд 34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Шургадагийн сайр” гэдэг газар ОХУ-аас ирж байгаа 120 кВ-ын 3 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд 120 кВ-ын 9 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан тухай мэдээллийг 25-нд Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас хүлээн авчээ.
Хүчтэй салхины улмаас тус аймгийн Өмнөговь сум дахь ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдсан байна.
Хор уршгийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.
Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас 26-ны 02:26 цагт 220 кВ-н 3 ширхэг тулгуур, 2 ком траверс тээвэрлэн Увс аймгийн чиглэлд хөдөлсөн байна.
Улаангом сумын “Дулааны 1, 2 станц”-ыг зөөврийн эх үүсвэрээс, Ховд аймгийн Алтай, Булган, Ховд, Үенч сум болон Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь сумын Дулааны станцуудыг Дөргөний Усан цахилгаан станцаас цахилгаанаар хангаж байна.
Мөн 25-ны өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн 3 суманд 5 гэр , Говь-Алтай аймгийн 4 суманд 100 гэр, Увс аймгийн 10 суманд 75 гэр, 36 байшингийн дээвэр, 117 хашаа, 12 ширхэг цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн 8 суманд 29 гэр, 4 байшингийн дээвэр, 84 хашаа, нийт 4 аймгийн 25 суманд 211 гэр, 205 хашаа нурсан, 63 айлын байшингийн дээврийн төмөр хуурларч унасан тухай мэдээллийг хүлээн авчээ.