Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байрлах цахилгаан хуваарилах байгууламж /под станц/ өнгөрсөн тавдугаар сарын 25-нд дэлбэрснээс, 25 настай эмэгтэй амиа алдаж, бага насны хоёр хүүхэд гэмтсэн хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хэргийг эргэн сөхвөл под станцын хаалга онгорхой байсан учир 25 настай бүсгүй цахилгаан хуваарилах байгууламжид хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орсон байдаг. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас болж энэхүү золгүй явдал болсон байдаг.
Тухайн үед цагдаагийн байгууллага “Урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Энэ үед түүнд цохиодох масс үйлчилсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон” гэж байв.
Осол гарсан цахилгаан хуваарилах байгууламжийг барьсан “Мон-энержи корпораци” ХХК нь “Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр тус дэд станцыг хүлээлгэн өгсөн”гэдгийг тайлбарлаж байсан. Уг дэд станцыг хүлээн авсан гэх асуудал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт харьяалагддаг бөгөөд тус газраас тодруулахад “Улсын комисс хүлээж авсан нь үнэн. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир манай байгууллагаас мэдээлэл өгөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Энэ хэрэг одоо ямар шатанд яваа, бэртэл авсан хүүхдийн бие ямар байна вэ гэдэг талаар бид хохирогч Б.Анартөгс хүүгийн ээж Д.Шүрэнчимэгтэй ярилцлаа.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААГЧ ГУРВАН УДАА СОЛИГДСОН
Хохирогч Б.Анартөгс хүүгийн ээж Д.Шүрэнчимэг
-Осол гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямархуу байгаа вэ?
–Үнэнийг хэлэхэд миний хүүгийн бие өдрөөс өдөрт л муудаж байна. Сэтгэцийн өөрчлөлтөөс гадна, нүдний хараа нь огцом муудсан. Осол гардаг тавдугаар сард эмнэлэгт үзүүлэхэд нүд нь хүнд гэмтээгүй галын оч нүд рүү нь ороогүй байна гэсэн. Гэхдээ нүдний дусаалга хэрэглээрэй гэж эмч зөвлөсөн. Саяхан эмнэлэгт үзүүлэхэд хүүгийн маань холын хараа нь эрс муудсан байна. Уг нь хүүхэд 02.-0.5 шил зүүдэг юм байна. Гэтэл миний хүүг хасах 1-тэй шил зүү гэсэн. Ядаж шил хийлгүүлж харааг нь тогтооё гэж бодож байна. Хэдэн жилийн дараа миний хүү хараагүй болохыг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёр удаа хэвтсэн гурав дахь удаагаа хэвтээд саяхан эмнэлгээс гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна.
–Хүүгийн сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж байна. Энэ нь ямар байдлаар илэрч байна вэ?
–Осол болохоос өмнө манай хүүхэд тайван зантай хүүхэд байсан. Ангийнх нь хүүхдүүд, хичээл заадаг багш нь ч мэднэ. Харин одоо бол хүүгийн маань толгой нь тэсэхийн аргагүй өвддөг юм шиг байгаа юм. Толгой нь өвдөхөөрөө их уурладаг. Хүүгээ харж шаналж суухаас ямар биеийн зовлонг нь мэдэрч чадах биш. /уйлав/ Ослын үед авсан цочирдлоосоо одоог хүртэл гарч чадаагүй, байдал улам л дордоод байна. Хүүгийнхээ эвээр л харьцахгүй бол ингэж болохгүй, тэгж болохгүй гэж гэж хорих юм бол уурлана. Их цочмог ширүүн зантай болсон. Уур нь хүрэхээр гарт таарсан хамаг зүйлээ шиднэ. Хоёр дүүдээ хааяа гар хүрчээд байдаг болсон. Сургуульдаа ч явж чадахгүй гэрийнхнээсээ өөр хүний царай харахгүй болохоор хэцүүхэн л байх шиг байна.
Хэрэг гарсан тавдугаар сарын 25-ны өдөр. /Гэр бүлийн зөвшөөрлөөр зургийг нийтлэв/
-Энэ асуудал хуулийн ямар шатанд явна вэ?
–Хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрчхөөд байхад ослын талаар тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт аравдугаар сарын 22-ны өдөр гарсан. Тус дүгнэлтэд “Цахилгаан хуваарилах байгууламжийн гадуур хориглох тор татах, болон цахилгаан хуваарилах байгууламжийг байнга цоожилсон байх ёстой” гэсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өнөө маргаашгүй галын дүгнэлт нь гарах байх. Үүнээс гадна хоёр дүгнэлт хүлээж байгаа. Баахан дүгнэлт л хүлээсэн улсууд байх юм. Хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч гурван удаа солигдсон. Эхний мөрдөн байцаагч болон дараагийн мөрдөн байцаагч хоёулаа авто осолд орсон гэсэн. Хамт яваад осолд орсон уу, аль эсвэл өөр цаг хугацаанд осолд өртсөн үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Бас хоёр дахь удаагаа прокурор нь солигдож байгаа. Ямартай ч одоо хэрэг гурав дахь мөрдөн байцаагч дээрээ шалгагдаж байна.
Зургадугаар сард шүүх шинжилгээний байгууллага хүүхдийн маань биед цаашид ямар ч өөрчлөлт илрэхгүй хэвийн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл хүү маань цаашдаа юм харж чадах уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байна. Цахилгаан хуваарилах байгууламж дэлбэрсний улмаас хүн гэмтээгүй байсан бол яая гэхэв. Гэхдээ энэ хэргийн цаана бүхэл бүтэн хүүхэд хохирчхоод байхад хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаад үнэхээр гайхаж байна.
-Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаагч нар ойр, ойрхон солигдоод байгааг танд юу гэж тайлбарлаж байх юм?
–Надад тайлбар хэлээгүй ээ. Хэрэг хэрэгсэхгүй болох гээд солигдоод байдаг юм уу аль эсвэл дээрээс нь өндөр албан тушаалтай хүн дарамтлаад байдаг юм уу эгч нь бүр гайхаад байна. Үнэнийг хэлэхэд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд миний чадал хүрэхгүй мөхөсдөж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс бүх дүгнэлтүүд гарч дууссаны дараа хэргийн учир тайлагдана гэж хэлсэн. Хамгийн гол нь энэ хооронд миний хүүхэд бие махбодоороо хохирлоо, сургуулиасаа завсардлаа. Хэргийн хариуцах эзнийг хурдхан шиг л олоод хүүгээ бушуухан л эдгээж авмаар байна. Хэрэгтнийг олоход туслаач гэж гуйж байна.
-Цахилгаан хуваарилах станцын хаалга яагаад онгорхой байсан бэ гэдэг асуултад тус байгууламжийг барьсан “Мон-энержи корпораци” ХХК-ийн зүгээс тайлбар хэлсэн үү?
–Үгүй ээ. Захиалагч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Хариуцагч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ юм билээ. Тус газраас осол гарсан цахилгаан станц манайх биш гээд гүрийгээд байгаа. Хариуцлагыг бие бие рүүгээ чихсэн л хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын эхээр “Мон-энержи корпораци” болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хүмүүс ирж уулзсан. Тэд хэлэхдээ “Бид буруутайдаа энд ирээд тусламж үзүүлээгүй. Өөрсдийн сэтгэлээрээ тусалж байгаа юм шүү. Хэргийг хуулийн байгууллага шийдэх байх. Тэр болтол хүүгийнхээ эмчилгээнд хэрэглээрэй” гээд нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлсэн.
–Хүүгээ асрах гэж ажлаасаа чөлөө авсан гэж сонссон. Сүүлдээ ажлаасаа гарсан гэсэн үү?
–Хүүгээ асрахын тулд таван сараас хойш найман сар хүртэл ажлаасаа чөлөө авсан. Гэтэл хүү маань заавал хэн нэгний асаргаанд байх ёстой учраас яваандаа ажлаасаа ч гарсан. Эм тарианы мөнгийг хүнээс зээлэхийг нь зээлээд, хамаатан саднаасаа туслалцаа аваад л явж байна. Аль болох хүүгийнхээ эмчилгээг таслахгүй байх юмсан гэж хичээх юм.
Эх сурвалж: news.mn