Хүүхдийн чих, хамрыг ухаж, цэвэрлэх тал дээр бид хагас дутуу ойлголттой явдаг. Тиймээс хэзээ, яаж ухах ёстой, ямар эрсдлүүд байдаг талаар “Сүхбаатар” эрүүл мэндийн төвийн Чих, хамар, хоолойн их эмч Б.Энхсувдтай ярилцаж, Таны мэдлэгт нэмэр болохыг зорилоо. Тэрээр мэргэжлээрээ 27 жил ажиллаж байгаа туршлагатай эмч юм байна.
-Хүүхдийн чихийг хэдэн наснаас нь ухаж болох вэ?
-Яг нас заасан юм байхгүй л дээ. Хүүхэд төрөнгүүт нярайн сонсголыг шалгадаг. Ер нь амьдралыг таньж мэднэ гэдэг бол сонсохоос эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн чихийг заавал ухаж оролдоод байх шаардлагагүй. Хамгийн гол ажиллагаа бол хамар. Хамар, чих хоёр хоорондоо сонсголын гуурсаар холбогддог. Нярай хүүхдийн сонсголын гуурс нь богинохон, өргөн байдаг. Тиймээс хамар битүүрэхэд чих өвдөх магадлал өндөр.
-Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ зарим хүмүүс шууд амаараа сорчихдог. Яаж цэвэрлэх нь хамгийн зөв бэ?
-Хүүхдийнхээ хамрыг цэвэрлэж байна гээд амаараа ч юм уу сороод байдаг. Ингэх хэрэг байхгүй, энэ бол буруу. Харин яаж цэвэрлэх вэ гэхээр Аква морис, Салин, Аквалор гэх мэт нярай хүүхдийн хамар цэвэрлэх зориулалтын давсны уусмалууд байгаа. Үүнийг цацаад дараа нь зулын гол шиг нарийн имэрсэн хөвөнгөөр авна. Түүнээс биш хүчээр сорж авах нь ямар нэг механик гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Байг гэхэд хөвөнгөө зулын гол шиг имрээд хөвөндөө уусмалаас шингээгээд хамар дотор нь байлгаж байгаад авах маягаар хоёр хамрыг ээлжилж цэвэрлэнэ. Үүнийг өдөрт 2-3 удаа хийхэд хамрын хатсан нуснууд аяндаа гарна. Нусыг нь гаргахдаа хүүхдийг доош нь харуулах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн хамрын битүү арилахгүй байвал судас нарийсгадаг, хаван буулгадаг нярайн хамрын дусаалга, цацлагууд бас бий.
-Хамар нь битүүрсэн үед хүүхдэд ямар шинж илрэх вэ. Сайн мэдэхгүй эцэг эхчүүд байгаа л байх.
-Хүүхэд унтаж чадахгүй байх, шөнөдөө уйлганах, толгойгоо сэгсрэх, гараараа чихээ оролдоод л байвал хамрыг нь онгойлго. Болохгүй бол заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
-Гамрит өвчин юунаас үүдэлтэй вэ?
-Зарим хүмүүс ханиад хүрчихээд тоохгүй, ингэсгээд эдгэчихдэг юм гээд явдаг даа. Гэтэл гамри гэж хамрын хөндийд ногоон идээнүүд хуримтлагдаад гадагшаа ч гарна, арагшаа ч залгигдана. Мөн хацрын ясаар өвдөж, тонгойхоор чинэрэх зэрэг зовиур үүснэ.
-Сүүл хөхөж өссөн хүүхдийн чих өвддөггүй гэдэг. Энэ хэр үнэний хувьтай вэ?
-Дээр үед тийм юм байсан. Одоо бол баталгаатай гэж хэлэхгүй. Хамгийн гол нь хүүхдийн хамрыг л анхнаас нь байнга цэвэрлээд хэвших хэрэгтэй. Хамар битүүрээд л эхлэх юм бол сонсголын гуурсаас чих рүү орох агаар нь байхгүй болж чих улайж өрөвсдөг юм. Тийм болохоор аль болох агаар салхинд сайн гаргаж, хүүхдийнхээ хамрыг зориулалтын уусмалаар угаагаад, битүүрүүлэхгүй л байх хэрэгтэй.
-Чих, хамар, хоолой гурвуулаа хамааралтай гэдэг. Хоолойд яаж нөлөөлөх үү?
-Мэдээж эдгээр гурван эрхтэн нэг дор оршиж байгаа учраас бүгд холбоотой. Хоолой өвдөөд, ханиад хүрэх л юм бол хамар битүүрээд, хоолой улайгаад чих өвдөнө. Чих дангаараа өвдөх нь ховор.
-Танай кабинетад хүүхэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?
-Ихэвчлэн хамар битүүрэлтэй холбоотой асуудлаар ирдэг. Манай хүүхдийн хамар 1, 2 хоног битүүрлээ. Урд шөнө манай хүүхэд уйлаад унтсангүй гэх мэтчилэн ирдэг. Тэгээд л чихийг нь үзэхээр чих нь улайчихсан байх жишээтэй. Чих нь хамар, хоолойтой холбоотой шүү дээ.
-Нярай биш бага насны хүүхдийн чихэн дэх хулхийг эцэг эхчүүд өөрсдөө авчихдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч.
-Хүмүүс хүүхдийнхээ чихний хулхийг авч байна гээд чихнийх салстын бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулчихдаг. Үүнээс болж хатиг үүсэх, өрөвсөх гэх мэт эрсдэл үүснэ. Тэгэхээр авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс авах гэж оролдохынхоо оронд нарийн мэргэжлийн эмчид л хандах шаардлагатай. Ер нь салстыг нь гэмтээлгүйгээр хүүхдийнхээ хулхийг авч болно. Хулхи гурван янз байдаг. Нэгдүгээрт, шар нимгэн хулхи, хоёрдугаарт нойтон хулхи гэж байна. Нойтон хулхи нь зунгааралдсан, өтгөн, ногоон өнгөтэй. Үүнийг хүүхэд усанд орсны дараа чих цэвэрлэдэг хөвөнг норгож байгаад хөнгөн авч болно. Гуравдугаарт, хатуу хулхи. Энэ нь ихэвчлэн 3-6 настай хүүхдүүдэд болон том хүмүүст тохиолдож байна. Хулхи нь бүр хатуураад чулуужсан байдаг. Үүнийг цэвэрлэхдээ зориулалтын тос дусаах, зориудаар задладаг эм зэргийг дусаана. Гэхдээ эмчээр л авахуулна. Авахгүй бол сонсгол буурна. Хулхи хатуурсан үед юм зажлахад чихээр хөндүүрлэх, чих шуугих зэрэг зовиур илэрнэ.
-Шингэн хулхи нь ямар нэгэн өвчлөлийн шинж үү, үгүй юу?
-Эрүүл хүн ч шингэн хулхитай байж болно. Гагцхүү тэр хулхи хатаад хатуурах юм бол эмчид хандах юм. Нойтон хулхитай байлаа гээд өвчтэй гэсэн үг биш.
-Стрессээс болж чих дүлийрдэг гэдэг. Хүүхдэд ийм эрсдэл бий юу?
-Одоохондоо хүүхдийн ийм тохиолдол байхгүй. Ер нь хүн ядрах, нойр муутай хонох гэх мэт тохиолдолд чих дүнгэнээд, эсвэл машины дуу чимээ байн байн сонсогдоод ч байгаа юм шиг, өөр янз бүрийн дуу чимээ сонсогдоод байвал дотор чихний өөрчлөлттэй байна гэсэн үг.
-Дотор чих гэдгээ Та тодруулж өгөөч.
-Чихийг дотор нь гурав хуваадаг. Гадна чих, дунд чих, дотор чих гэж. Гадна чих нь болохоор бидний яриад байгаа хэнгэрэгэн хальснаас наад талыг хэлнэ. Хэнгэрэгэн хальснаас цаашхи хэнгэрэгэн хальс, хэнгэрэгэн хөндий, алх дөш дөрөө нь дунд чихэнд багтана. Дотор чих гэдэг нь чихний шуугиан, мэдрэл, мэдрэхүйн дүлийрэл үүсэх зэрэг нь дотор чихэнд орно.
-Хүүхэд, залуус чихэвчийг их хэрэглэдэг болсон. Зарим хүмүүс үүнээс болж дүлийрнэ гэдэг бол зарим нь сонсголд нөлөөлөхгүй, харин ядаргаа болно гэж хэлдэг. Энэ талаар Та ямар тайлбар өгөх вэ?
-Нэг жишээ ярья. Зургаа орчим сартай хүүхдийг саатуулахын тулд чихэвчээр хөгжим сонсгодог байж. Гэтэл одоо нөгөө хүүхэд 2 орчим настай болсон чинь ойр орчноос нь дуудахад харахгүй байна гэсэн хүн надад хандаж байсан. Тэгэхээр чихэвч ийм л нөлөөтэй гэсэн үг. Чихэвч байнга хэрэглэвэл аажмаар сонсгол буурна л гэж ойлгох хэрэгтэй. Залуус одоохондоо тоохгүй л яваад байна. Ялангуяа тухайн чихэвч ямар децибелтэй вэ гэдгийг анхаарах ёстой. Жишээлбэл, 60х60 децибелтэй чихэвч гэхээр 60 децибел дээр 60 минут сонсох ёстой гэсэн утга илэрхийлнэ. Залуучууд гудамжаар явахдаа чихэвч их зүүдэг. Гудамжны дуу шуугианы децибел ямар билээ. Түүнийг давсан децибелээр дуугаа сонсох гээд чангалдаг. Ингэснээр сонсголд сөргөөр нөлөөлнө. Нас ахих тусам сонсгол муудна гэж ойлгож болно. Тиймээс чихэвчийг бага хугацаагаар бага дуугаралттайгаар сонсох хэрэгтэй. ДЭМБ-аас гаргаснаар 85 децибелээс дээш хэмжээгээр 15-20 минут ямар нэг юм сонсоход л сонсгол байхгүй болно гэсэн байдаг юм. Тийрэлтэт онгоц гэхэд л 110 децибелтэй. Диско клуб, амьд хөгжим зэрэг нь бас л 110-аас дээш децибелтэй. Тиймээс их чимээний дараа нь чих дүнгэнэж байгаа юм шиг болдог шүү дээ. Тэр нь ийм учиртай юм. Дахин дахин ийм байдалтай байвал сонсголын мэдрэлийн эсүүд гэмтэж, дахин сэргэх эсэх нь асуудалтай л болно. Ер нь найдваргүй.
-Мэдээлэл, зөвлөгөө өгч ярилцсан танд баярлалаа.
1 comment
Сонголийн мэдрэх мэдрэлийн өвчиниг монголд эмчлэж чадахгүй байгаа шүү хаана яамар улсад хандаж эмчлүүлж болохын болоо. Хариу бичнэ үү