Тусгаар тогтнолын өдөрт зориулж Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатарын 2018 оны эхээр Аз хур номын дэлгүүрээс зохион байгуулсан “Зөв монгол хүн” уулзалт дээр ярьсан яриаг сөхөн нийтэлж байна.
Д.Өлзийбаатар: “Монголчуудын 20-р зууны түүхэнд бидний хамгийн сайн мэддэг мөртлөө нэлээд эргэлзээтэй, нарийн учрыг нь ухаарах ёстой, санаж сэрэх ёстой сургамжууд олон бий. 20-р зуун бол Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө сэрж боссон, тэмцээд ялалт байгуулсан зуун.
Үндсэндээ 20-р зууны эхэн гэхэд Монгол гэдэг үндэстэн дэлхийд алга болчихсон байсан. Манжийн эрхшээлд ороод, тусгаар улсын хувьд оршин тогтнохоо байчихсан түүхийн хар үе. Энэ үед Монгол үндэстэн мөхөж, үнэт чанарууд алга болж байсан. Гэтэл тэр дундаас маш их хөлс, цус урсгаж байж тэмцсэн дахин сэргэлтийн үе бол 20-р зуун юм. Тэр хэрээрээ түүхийн маш олон сургамж, алдаа оноо арвинтай зуун.
20-р зууны түүхээс монгол хүн бүр зүрх сэтгэлдээ хадгалан, сэрж тунгааж, ухаарах ёстой түүхэн сургамжууд бий.
Монголчууд Манжийн дарлалд байсан уу, хамтрагч байсан уу
Түүхээс харахад Ар, Өвөрмонгол 120, 30 жилийн турш Манжтай тэмцэлдсэний үр хүнд эрхшээлд нь орсон. Тэмцлийн түүхээс харахад маш ширүүн тэмцэл дунд ялагдсан байдаг. Монголын эсрэг тэмцэгч олон хүчнүүдийн шахалтад орсон гэж хэлж болно. Тухайн үед Манж, Мин гэсэн дайсагнагч хоёр улсын дунд орсон байдаг. Минтэй эсвэл Манжтай холбоотой болох уу гэсэн том асуудал гарч ирсэн.
Үүний үр дүнд Манжтай холбоотой болж, Мин улсын эсрэг тэмцье гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ энэ үед нэг том хэлцэл хийсэн нь Цагаан хэрмээс нааш хятад хүнийг оруулж ирэхгүй талаар байсан. Монгол үндэстэн устахаас сэргийлсэн хэрэг. Харин үүний оронд монголчууд цэргээ өгсөн. Тэгэхээр бид хүчээр эзлэгдсэн юм биш хэлэлцээрийн хүрээнд нэгдэн орж гэж нэг талаар хэлж болох юм. Монголчуудын хамгийн дургүйцсэн зүйл бол монголд тариа тарьж эхэлсэн явдал.
Худалдаачин хятадууд олноор орж ирсэн. Цагаан хэрэм давсан гэсэн үг. Тэгээд хамгийн түрүүнд Өвөрмонголчууд тэмцлийг эхлүүлсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөн гарч эхэлсэн. Эрх чөлөөтний төлөө тэмцэгчид гарч ирсэн. Манж биднийг уусгах ажил эхэллээ, ашигт малтмал олборлох ажил эхэлсэн байдаг.
1890-ээд оны сүүл үеэс Манжийн эсрэг тэмцэл өрнөж, Хаант Оросын бодлого, хамтарвал хэрхэх вэ гээд бодлогыг судалж эхэлсэн. 8-р Богд гэдэг хүн бол Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хүн болж хувирсан. Тэмцлийг нэгтгэн удирдагч болсон. Энэ далбаан дор Монголчуудын нэгдэл бий болсон. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Богдыг Хаан ширээнд залж, тусгаар тогтнолоо зарласан.
Агуу түүхтэй Монголчууд жижиг болсон хамгийн шалтгаан бол дотоод хагарал, тэмцэл
Энэ үед Монголчууд хамтарч тэмцсэн, Манжийг ноёрхлыг унагасан. Үүний дараа Монголчууд эвлэж чаддаггүй зангаараа зөрчилдөөд эхэлсэн. Хамгийн түрүүнд Ар Монголын болоод өвөрлөгч ноёдын хооронд хагарал гарсан. Хайсан гүн, да лам Г.Цэрэнчимид нар харц гаралтай байсан. Гэтэл Т.Намнансүрэн, М.Ханддорж, Түшээт хан О.Дашням нар язгууртан. Ингээд удам угсаагаа дуудалцан хагаралдсан. Дээрээс нь лам, хараараа бас ялгарсан. Дотроосоо идэгдэж эхэлсэн. Ялахын төлөө тэмцэхээрээ нэгдэж чаддаг ч ялсан хойноо хагаралддаг. Ялалтаа хадгалж чаддаггүй ард түмэн. Үүний маш олон түүх сургамж бий.
Дотоод хагарлаасаа болж хойд, өмнөд хөршийнхөнд ашиглагдсан. Үүний хор нөлөөгөөр 1919 онд Монголчуудын тусгаар тогтнол дахин байхгүй болсон. Учир нь Манжийн дарангуйллын үед хоёр л улс тусгаар тогтнолоо олж авч чадсаны нэг нь монгол нөгөөх нь хятад. Монголчууд Богд Хаант Монгол Улс гэж байгуулсан. Хятад улс Дундад иргэн улс гэж байгуулсан. Дундад иргэн улс бол хөрш зэргэлдээх улсаа буцааж нэгтгэх, Манжийн үед байсан шиг нэгдсэн улс байгуулна гэдэг том гадаад бодлогыг барьж эхэлсэн. Үүний хамгийн эхний бодлого нь Монгол Улсыг буцааж авах, тусгаар тогтнолыг нь үгүй хийх, устгах байсан.
Монгол Улс бол Хятад улсын нэг хэсэг гэж үзэх бодлого явуулсан. Гэтэл монголчууд хагарлаасаа болж энэ бодлогод ялагдсан. Үүний нөлөөгөөр 20 мянган эрэгтэй, 20 мянган эмэгтэйг хятадын өмнөд хэсгээс Монголд авч ирж суурьшуулах бодлого хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү Хятадын эрхшээлийг устгаж дахин тусгаар тогтнолоо олж авахын төлөө 1921 онд дахин тэмцсэн юм.
13-р зууны үед Их Монгол Улсын үед монголчуудтай байлдах тэмцэх хүчтэй үндэстэн байгаагүй. Бид өнөөдөр яагаад ийм жижиг болсон бэ. Хоорондоо байлдаж хүчээ сулруулж, ийм жижиг ард түмэн болсон. Эрх мэдлийн төлөө, газар нутаг, баялгийн төлөө тэмцэлдээд эхэлсэн нь хүчээ сулруулах, Их Монгол Улс бууран доройтох гол үндэс болсон.
Хятад улс 2000 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй нь ийм учиртай
1924 оны тавдугаар сарын 31- нд ЗХУ Дундад иргэн улстай гэрээ байгуулсан. Гэрээний 5-р зүйлд Монгол Улс Дундад иргэн улсын нэг хэсэг мөн гэсэн заалт оруулсан байдаг. Монголын Засгийн газар эсэргүүцсэн ч ЗХУ тайлбар өгөхдөө “Тактикийн асуудал” байгаа юм гэж хэлсэн байгаа юм. Энэ заалт 1945 он хүртэл хүчинтэй байсан. Энэ заалтыг хүчингүй болгохын тулд И.Сталин чухал хувь нэмэр оруулсан хүн. И.Сталин Монгол Улсыг өнөөгийн хил хязгаараар нь дэлхийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай.
Тодруулбал, 1920-иод оны сүүл үеэс эхлээд манай улсын газар нутгийн улс төрийн ач холбогдол асар өссөн. Тиймээс Монгол бол тусгаар оршиж байх шаардлагатай болсон. Энэ нь ЗХУ-д ашигтай байсан болохоор Монгол Улсыг Гадаад улс төрийн бодлогын цэгээ болгож эхэлсэн. Үүний үр дүнд И.Сталин Монгол Улсыг өнөөгийн хил хязгаараар хүлээн зөвшөөрч, хуучин заалтаа хүчингүй болгох талаар Хятад улсад хэд хэдэн удаа хүсэлт тавьсан байгаа юм.
Сүүлдээ Хятадуудад “та нар олон улсын төр, стратегийн бодлогыг ойлгохгүй зүтгээд байх юм бол танай хилийг Цагаан хэрэм хүртэл татаж, Ар, Өвөрмонголыг нэгтгэхэд нөлөөлнө” гэж сүрдүүлсэн байдаг. Үүний хариуд Хятад улс нэг хүсэлт тавьсан нь Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх юм бол Хятадын ард түмэн үеийн үед биднийг урвагчид гэж дуудах болно. Тиймд иргэд нь өөрсдөө тусгаар тогтнох дуртай байна гэж хүлээн зөвшөөрөхөөр бид бэлэглэсэн юм гэж хэлнэ” гэсэн гэдэг. Нэг үгээр хэлбэл, хожим хойч үедээ Монгол Улс тусгаар тогтнол гуйгаад байхаар нь бид өгсөн гэсэн утгатай.
Ингээд Монгол Улс аравдугаар сарын 20-ний өдөр тусгаар тогнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явуулсан байдаг. Үүгээр гэрээний заалт хүчингүй болсон. Гэсэн хэдий ч Хятад улс 2000 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй явж ирсэн. Монгол Улс НҮБ-д элсэн хүсэлтээ 1945 оноос долоо удаа өгсөн ч бүртгээгүй байдаг. Хятад улс нөлөөлсөн гэсэн үг. Ийнхүү Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, дэлхий нийтэд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн юм шүү дээ.
Монголын түүхийн бүхий л ялагдлууд дотоод тэмцлээс үүдэлтэй
20-р зуун бол бүхэлдээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн зуун. 1991 оноос хойш 2017 он хүртэл алдаа оноотой ч гэсэн нэг монгол хүчирхэг Монголын төлөө алдаа оноотой ч гэсэн зүтгэсээр ирлээ. Хэн нэгний гаднын нөлөөлөлгүй явж байна. Улс орнуудын нөлөөг хэрхэн хүлээж авч, хэрхэн зөвөөр ашиглана гэдэг төрийн бодлогод байх ёстой чухал ухаан юм. Өөрийн улсын онцлогийг тохируулан гадаад бодлогодоо авах гээхийн ухаанаар хандах нь чухал. Тохиролцох, зөвшилцөх, эсэргүүцэх, няцаах гэдэг зүйл дээр авах гээхийн ухаанаар хандаж байх хэрэгтэй.
1929 онд бол ЗХУ-ын Коммуннист намын тулгалт шахалтын бодлогыг хүлээж авснаас болж Монголд нэгдсэн удирдлагыг байхгүй болгосон том сургамж бий. Эрх мэдлийг нь олон хуваах бодлого явуулсан. ЗХУ-ын улс төр эдийн засгийн үйл явцыг эх орондоо авч ирээд хуулаад тавьчихсан. Шашин бурхныг хаасан. Хамтрал байгуулсан. Бүх уламжлалыг хаасан. Үүний үр дагавраар гурван жилийн дотор дотоод улс төрийн байдал үндсээрээ хямралд орж, олноороо дүрвэсэн.
45 мянган хүн хил даваад дүрвэсэн гэдэг. Үүн дээр дөрөөлөөд төрийн хүчирхийлэл эхэлсэн. 1932 оны бослогоороо 6000 гаруй монгол хүн үрэгдсэн. Түүх эргэж байдаг. Сөргөөр давтуулахгүйн тулд сургамжаа харж, түүхээ мэдэж байх нь чухал. Түүхэн сургамжийг олж харж, алдаанаас зайлсхийж бай гэдэг философи бий. Тиймээс алдааг тойроод гарах агуу түүх сургамжтай ард түмэн. Сайн бөгөөд саар үйл явдлуудаа бага балчир хүүхдүүдээс эхлээд үзэж явах учиртай юм.
Монгол үндэстэн Дэлхийн түүхэнд данстай цөөхөн ард түмний нэг юм. Эртний үеэсээ дэлхийн түүхэд нөлөөлж, өөрчилж ирсэн. Дэлхийн түүхэнд дандаа давалгаа, долгио үүсгэж ирсэн ард түмний үр сад. Магадгүй 22, 23 дугаар зуун дахиад ямар давлагаа үүсгэхийг бид мэдэхгүй. Үүний тулд бид түүхээ л сайн мэдэх хэрэгтэй.