Улс орны удирдагчид хоорондоо хэрхэн утсаар ярьдаг вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярих дипломат ёсны асуудлаасаа болж сонин сэтгүүлийн тэргүүн эгнээнээс нэг хэсэгтээ салаагүй. Жишээ нь 2016 онд Трамп АНУ, Тайванийн харилцаа 40 жилийн турш тасарсныг ч тоолгүй, Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан гэсэн дуулиан дэгдсэн байв.

Тэгвэл дэлхийн удирдагчдын хооронд утсаар ярих үйл явц хэрхэн өрнөдөг вэ. Энэхүү салбарт хэл зүйн үйл ойлголцол зэргээс эхлээд хэрэгжүүлэх олон дүрэм журам үйлчилдгийг сонирхуулъя.

“Сайн уу, Путин байна. Обама гэртээ байна уу”

“Байна уу, Ерөнхийлөгчтэй ярьж болох уу” хэмээн утсаар яригч өөр орны тэргүүний амнаас сонсоно гэдэг тун эргэлзээтэй. Хоёр орны төрийн тэргүүн хоорондоо хэдэн үг солихоор болмогц Ерөнхийлөгчдийн албанаас бэлтгэл ажлыг эхэлнэ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейнийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогчийн албан тушаал хашиж байсан Стивен Йейтс “Хэрвээ хоёр улс эртний, нягт харилцаатай бол утсаар ярих үйл явц энгийн байж болно. Нэг шуурхай төвийн ажилтан нь нөгөө улсынхаа төвийн нөхөр рүү утсаар яриад “Манай тэргүүн танай тэргүүнтэй утсаар ярихыг хүсч байна” гэж хэлээд л боллоо” гэжээ.

Харин хоёр улс ойр дотно харилцаагүй бол нэг улсын Элчин сайд нь төрийн тэргүүнийхээ нэрийн өмнөөс албан ёсны хүсэлт гаргана. Дараа нь хоёр тал яриа өрнүүлэх сэдвээрээ мэдээллээ боловсруулж, утсаар ярих шаардлага яагаад үүссэн болохыг тодруулж, хоёр талын албанаас утсаар ярих цагийг тогтдог.

Чухал асуудлаас сонирхсон зүйлээ хүртэл

Утсаар ярихаасаа өмнө хоёр орны төрийн тэргүүн туслахуудаасаа хангалттай мэдээлэл авна. Америкийн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө цогц мэдээлэл авдаг бөгөөд тус төвийнхөн Ерөнхийлөгчид аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар мэдээллээ дамжуулдаг. Хэрвээ протокол төдийхөн утсаар ярих хэрэг гарвал цогц мэдээлэл нь тун товч, богинохон байх жишээтэй.

Үүнд хэн түрүүлж утсаар ярих шийдвэр гаргасан гэдгийг бичиж, ярих үед хөндөж болохуйц 2-3 асуулт бэлддэг байна. Үүнээс гадна ярилцагчаас өвчтэй төрөл төрөгсдийнх нь биеийг асуухыг сануулсан үг зэрэг хувийн мэдээллийг нь ч багтаадаг. Харин эмзэг сэдэв хөндсөн яриа байвал Ерөнхийлөгч энэ асуудлаар нэмэлт мэдээлэл авах бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гишүүд хоёр орны төрийн тэргүүний яриаг чагнах ёстой аж.

Хоёулхнаа ярих уу

Төрийн тэргүүнүүдийн хоорондын утсаар хийсэн яриаг туслах, зөвлөхөөс орчуулагч нь гээд олон хүн сонсдог. Тэр ч бүү хэл төрийн тэргүүн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг байсан ч өндөр албан тушаал хашдаг хүмүүс шиг албан ёсны яриаг төрөлх хэлээрээ явуулдаг байна. Цагаан ордны хэл шинжээч асан Кевин Хендзел “Заримдаа үндэстний бахархлын тухай асуудал гарч ирнэ. Гэхдээ ихэнхдээ харилцан ойлголцолгүй байхаас сэргийлж, хэлсэн үгийн дуудлагаа нарийн ялгах гэж ийм үйлдэл гаргадаг” хэмээн ярьжээ.

АНУ-д Ерөнхийлөгчийн орчуулагчид нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй учраас тэдний намтрыг нягт нямбай шалгаж, худал ярьсныг илрүүлдэг багажинд хүртэл оруулдаг юм байна. Үүний дараа л тэд өндөр түвшний яриа хэлэлцээрт хэлэлцэх нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй болдог. Кевин Хендзел “Ажлын туршлагагүй, шинэ хүмүүс Ерөнхийлөгчтэй ажилладаггүй. Ийм өндөр түвшинд хүрэхийн тулд орчуулагчид маш их хугацаа шаардагддаг. Тэд мөн чухал асуудлын шинжээчид болдог бөгөөд өөр улсын тэргүүнд нэг л буруу үг хэлбэл бүх хэлэлцээр нуран унадгийг сайн мэднэ” гэжээ.

“Би Клинтон байна. Тоглоогүй шүү”

“Дөнгөж сонгогдсон Ерөнхийлөгч, Зууван танхимаас ярьж буй төрийн тэргүүний утсаар ярих нь газар тэнгэр шиг зөрүүтэй” хэмээн Стивен Йейтс 2016 онд хэлж байна.

Дональд Трампыг Ерөнхийлөгчийн суудалдаа суумагц түүний утасны яриаг хамгийн дээд түвшинд хамгаалж, байнгын мониторинг хийж эхэлнэ. “Ерөнхийлөгч бусад энгийн хүн шиг харилцуураа аваад л утсаар ярина гэж бодож магадгүй. Гэтэл утсаар ярихаас өмнө утасны нөгөө үзүүрт яг хэн байгааг сайн шалгаж, хэд дахин нягталж байж хийгддэг зүйл” хэмээн Йейтс нэмж хэлжээ. Заримдаа шалгалтыг маш нарийн явуулдаг болохоор жинхэнэ улстөрчдийн хоорондын яриаг ч таслахад хүрдэг байна.

“Би Цагаан ордны утасны ажилтантай хэрэлдсэн. Тэр намайг мөн гэдэгт огт итгэхгүй байсан” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 2010 онд нэгэн и-мэйлдээ бичиж байжээ.

Пранкерууд Ерөнхийлөгчдөөр ч тоглодог

      Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталон дахь салан тусгаарлагчдын шинэ тэргүүний дүрд хувиран тоглосон радиогийн хөтлөгчийн дуудлаганд хариулж, пранкеруудын тоглоомд өртөж байжээ. 2003 онд Майамийн нэгэн радио станц Венесуэлийн тухайн үеийн Ерөнхийлөгч Уго Чавес, түүний ойрын холбоотон Фидель Кастро нарыг хуурч байв.

“El Zol” радио станцын хөтлөгчид Фидель болон хувирч, Чавестай утсаар ярьсан байна. Үүний дараа Чавес болон дуугаа өөрчилж, Кастро руу ярьжээ. Кубын тэргүүн өөрийг нь хуурч байгааг мэдмэгцээ маш ихээр хараал урсгаж уурлаж байв. Бас нэг радио станцынхан Эво Моралесыг 2005 онд Болив улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараахан тухайн үеийн Испанийн Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро болон жүжиглэж, утсаар ярьж байлаа.

Түүнчлэн 1995 онд хатан хаан II Елизавета Канадын Ерөнхий сайд Жан Кретьентэй утсаар ярьж байна гэж бодон пранкеруудын дайралтад өртжээ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн