Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 22-23-нд Азийн хүний эрхийндээд хэмжээний форумд оролцож байгаа билээ. “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн үр дүн: цаг хугацаа ба бодит байдал” сэдвээрхоёр дахь өдрөө үргэлжилж буй тус арга хэмжээнд улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа бөгөөд хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг таслан зогсооход хүний эрхийн сүлжээ байгуулан хамтран ажиллах нь ихээхэн үр дүнтэй хэмээн үзэж санал нэгтэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлаад 70 дахь жилтэйгээ золгож байгаа энэ цаг үед даяаршсан дэлхий нийтээрээ хүний эрх, эрх чөлөөний төлөө нэгдмэл үзэл санаа, уриа, нэг зорилгын дор улс орнууд үйл ажиллагаа явуулах ёстой хэмээн Азийн хүний эрхийн форумд оролцогчид үзэж байгаа ажээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж:Бямбадорж тус форумын үеэр “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ба ХЭТТ-ын 70 жилийн ой” сэдвээр илтгэл тавьж, хүний эрхийн байдлыг мэдээлэв. Илтгэлийг товчлон хүргэвэл: “Монгол Улс өнөөдрийн байдлаар хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 гаруй гэрээ, конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 20 конвенцид нэгдсэнээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн 4 конвенцийн тал болсон.
Эдгээрээс Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээ, конвенцийн 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг гэдгээрээ онцлог юм. Гишүүн улс орнууд дахь хүний эрхийн аливаа асуудлыг цогцоор нь авч үзэж, тогтмол хяналт тавьж, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгдөг механизм болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр 156 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авчээ.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх хэлэлцүүлгийг ХЭҮК хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын форум, Олон Улсын байгууллагатай хамтран 2017-2018 онд бүсчилсэн байдлаар зохион байгуулж, эцсийн дүгнэх хурлыг ч хийгээд байна. Мөн 2018 онд УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д энэ асуудлыг нэг бүлэг болгон оруулж, нөхцөл байдлын тухай дүн мэдээлэл болон зохих саналыг хүргүүлээд байгаа…
Монгол Улсад хүний эрхийг үр нөлөөтэй эдлүүлэх зорилгоор хүний эрхийн байгууллагуудыг бэхжүүлэх хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэх гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах эрх зүйн орчныг бий болгох арга хэмжээ авахыг төлөвлөгөөндөө тусгасан байна. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 онд өргөн барихаар тусгасан ч Засгийн газар дорвитой, санаачлагатай алхам хийгээгүй байна.
Харин Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлээд байна” гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс мэдээлэв.