Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх оноос буурах төлөвтэй байгаа талаар мэдээлжээ. Тус байгууллага АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, бодлогын хүүгийн өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Гэхдээ огцом уналтын шинж ажиглагдахгүй байгааг онцолжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын таамагласнаар олон улсын эдийн засгийн өсөлт энэ жил 3.7 хувь байсан бол ирэх 2019, 2020 онд 3.5 хувь болж буурахаар байгаа аж. Өмнө нь тус байгууллагаас ирэх оны өсөлтийг 3.7 хувь гэж харж байжээ.
Энэ удаашрал Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад хүндхэн тусах нь. Дөнгөж сэргэж байгаа улс орнуудын хувьд АНУ бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор хөрөнгийн урсгал нь гадагшаа чиглэх төлөв байна. Харин Бразил, ОХУ, Турк, Өмнөд Африк зэрэг орныг эрсдэлийн төвшнээс хассан байна. Ингэж бодлогын хүү өссөнөөр тогтворгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчид эрсдлийг дахин үнэлж, эргэн харахад хүргэнэ гэж Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас мэдэгджээ.
Ерөнхийдөө дэлхийн улс орнуудын хооронд үүсч буй худалдааны зөрчил, маргаанууд нь 2021 он гэхэд олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.8 хувиар бууруулахаар байгаа юм байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт одоогийн гурав орчим хувиас удааширч 2020 онд хоёр хувиас бага байх ч ихэнх томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад илүү сайжрах төлөвтэй байна. Харин Хятадын хувьд эдийн засгийн өсөлт нь одоо 6.6 хувь байгаа бол 2020 онд зургаан хувьтай болж буурах дүр зураг байгаа юм. Үүнээс гадна Евро бүсийнхний эдийн засаг одоогийн хоёр орчим хувийн өсөлтөөс 2020 онд 1.6 хувьтай болж буурна гэж Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага таамаглажээ.