Саяхан Дани Улсын Копенгаген хотноо зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Авлигын эсрэг олон улсын хурлын үеэр оролцогчид Панамын баримтууд, Парадайзын баримтууд зэрэг хил дамнасан томоохон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээл, ололттой талууд, сайн туршлагын талаар санал солилцон дараах 5 аргыг ашиглавал амжилтад хүрнэ гэж дүгнэжээ.
Сэжүүрийн мөрөөр дага. Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын сэтгүүлч Хишам Алламын хэлснээр олсон сэжиг, сэжүүр тань цаашид нягтлан шалгаж, цаг хугацаа, хөрөнгө хүч гаргах шаардлагатай эсэхийг нэн тэргүүнд олж тогтоох нь чухал. Үүний тулд яг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс тодруулж, юу хэлэхийг нь сонсох шаардлагатай юм. Өөр хэн ч биш гагцхүү таны олсон сэжүүрийн талаар сайн мэдэх хүмүүс л цаашид үргэлжлүүлэх шаардлагатай эсэхийг мэднэ.
Багаар ажилла. Зарим улсын сэтгүүлч нар мэдээлэл олж авах боломж муутай, зарим улсынх нь авлигын хэргийг ил болгох нөхцөл бололцоо ихтэй ч өөр улсуудын дотоодын систем, эрх зүйн орчин, соёл, хүнд сурталтай байдал зэргийг ойлгож, мэдэхгүй байх тал бий. Энэ асуудлыг даван туулахын тулд сэтгүүлчид өөр улсын дотоодын сэтгүүлч нартай нягт уялдаа холбоотой ажиллаж, цаг мөнгөө хэмнэх үр дүнтэй сүлжээ бий болгох ёстой. “Энэ бол хамтын хүчин чармайлтын хамгийн том жишээ. Ийм багт туршлагатай, сайн сэтгүүлч, редакторууд ажиллахаас гадна шинэ залуу хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, тэднийг туршлагажуулж, залгамж чанараа хадгалж үлдэх ёстой” хэмээн чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүлч Наталье Седлецка хэлж байна.
Өөрийн мэдээллийн санг бүрдүүл. Таны ажиллаж байгаа газарт мэдээлэл олж авах нь хуулиар хязгаардлагдмал байж болно. Иймд нээлттэй мэдээлэл ил болох хүртэл хүлээж, цаг алдахын оронд боломжит бүх байдлаар, хамааралтай хамгийн жижиг мэдээллийг ч нэгтгэн, цуглуулж байх чухал. Ингэснээр таны цуглуулж буй мэдээллүүд таны өгүүлэх гэж буй түүхтэй аль хэдийн нэг шугамд орж эхэлнэ.
Төрийн бус байгууллагуудтай хамтран ажилла. Зарим сэтгүүлч төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаас зайлсхийдэг ч тэдний сүлжээнд нэвтэрснээр зөв эх сурвалжууд руу нэвтрэх боломжтой болдог. Редактор Самуел Аккер “Өөрт чинь ямар нэгэн сэдэл өгөх хүнтэй байх маш чухал. Үгүй бол сэтгүүлчид аливаа зүйлийг орхигдуулж, давж харах талтай байдаг” гэсэн байна. Мөн тэрээр “ Парадайзын баримтуудаас Германчууд төрийн өндөр албан тушаалтнууд болон урлаг соёлын оддын талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байсан. Гэтэл бусад оронд огт өөр сонирхолтой байх тал бий” гэжээ.
Гарсан үр нөлөөнд бүү бухимд. Өөрийн тань хамгийн гол зорилго бол хил дамнасан авлигын гэмт хэргийн схемүүдийн талаар олон нийтэд мэдээлэх явдал гэдгийг үргэлж сана. Гэвч авлигын эсрэг шинэчлэл хийгдэж, ил тод хариуцлатай байдал дээшилнэ гэсэн үг биш юм. Харин ч авлига үргэлжилсээр, сэтгүүлчид хохирсон явдал гарсаар байдаг. Үүнд гутрах хэрэггүй. Таны ил болгосон мэдээллийг тань холбогдох байгууллагууд, эсвэл хүний эрхийн группууд нийгэмд шинэчлэл авчрах компанит ажилдаа үр дүнтэйгээр ашигладаг. Иймд өөрийн мэдээллээ аль болох олон хүнд хүргэхийг хичээ. Энэ нь мөн бусад эрэх сурвалжлах сэтгүүлчдэд аюулгүй орчин бүрдүүлэхэд тусална.