Японы Емиури сонинд Ниссан Моторс компанийн ерөнхий захирал Карлос Госныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар мэдээлжээ. Японы автомашин үйлдвэрлэгч тус компаниас Госн нь компанийн мөнгийг хувийн зорилгоор ашигласан мөн Төлөөлөгчдийн дарга Грег Келлитэй хамтран хууль бус үйлдлүүд хийж ирснийг нь сүүлийн хэдэн сарын турш дотооддоо шалгахын хамт мөрдөгч нартай нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ.
Энэхүү мэдээлэл нь япон даяар шуугиан тарьж байна. Учир нь Госн нь Ниссан компанийг дампуурлын ирмэгт байхад нь аварсан ховорхон гадаад захирал хэмээн нэрлэгддэг байжээ. Мөн тэрээр Францын Ренолт /Renault/ компанийн захирал юм.
Ниссаны мэдээлснээр “Олон жилийн туршид Госн болон Келли нар нь Токиогийн хөрөнгийн биржид Госны авдаг цалингийн хэмжээг бодит байдлаас бага хэмжээгээр тайлагнаж ирсэн. Мөн тэд компанийн мөнгийг хувийн зорилгоор ашиглахын хамт, олон ноцтой зөрчлүүд гаргасан” байна. Одоогоор Ниссан компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкавагийн зүгээс Госн болон Келли нарыг компаниас явуулах саналаа Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Асахи сониноос прокурорууд Ниссаны төв байр болон бусад салбаруудад нэгжлэг хийж байгаа гэж мэдэгдсэн ч Токио хотын прокурорын газар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 64 настай Госн нь анхлан Ренолт-Ниссан-Мицубуши моторс хэмээх холбоог бий болгож, амжилттай ажиллуулж иржээ. Бразилд төрсөн, Ливан гаралтай, Франц улсын иргэн Госн нь Францын Мичелин /Michelin/ компаниас ажлын гараараа эхэлсэн бөгөөд Ренолт компани 1999 онд Ниссаны хяналтын хувьцааг эзэмших болсны дараахан буюу 2001 оноос тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн оныг хүртэл ажилласан байна. Госн нь 2017 онд Ренолт компаниас 7.4 сая еврогийн цалин авсан бол мөн онд буюу Ниссан компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн жилдээ тус компаниас 9.2 сая еврогийн цалин авчээ.