УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулаагүй. Тиймээс гишүүдийн горимын саналыг нь сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэлээд ноцтой зүйл ярисан нь анхаарал татлаа.
Тэрээр “Зүгээр нэг намын дарга хүн төрийн дээр гарч сууж болдог юм уу? Ингэж улс орныхоо хувь заяагаар бойкотолж болдог юм уу? Аймшигтай юм болж байна. Сая яагаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөллөө. Оросын Батлан хамгаалахын сайд Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм бэ? Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицерууд цуглуулаад зэвсэгт тэмцэл, бослогод уриалаад сууж байна шд. Энэ Үндсэн хууль зөрчиж байна уу? Гурван сая хүний эрх ашгийн төлөө байгаа юм уу, эсвэл өөрийнхөө сандал ширээтэй зууралдах эрх ашгийн төлөө байгаа юм уу? Ингэж бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын дарга, Ерөнхий сайд нарыг би түүхэнд хараагүй юм байна. Засгийн газрууд огцроод явж л байсан. Хуурамч шударга ёс яридаг “баг”-тай Ерөнхий сайд бидэнд хэрэгтэй юм уу? Энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайд, намын дарга хийх чадамжгүй хүн гэдгээ харуулж байна. Ийм аймшигтай юм болж байна гэдгийг ард түмэн бид бас ойлгомоор байна.” гэсэн юм.