Сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, 14 дүгээр дүгнэлтийг гаргасан.
Тус дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн заалтыг илт зөрчсөн байвал УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохгүй, шууд хүлээн зөвшөөрдөг байх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн бөгөөд УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүrээp зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 93.3 хувь нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн байна.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь хүлээн авахыг дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.