Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр (2017.04.12) ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Я.Санжмятав нар эхлээд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус лаборатори нь мал амьтны өвчин, хордлогыг оношлох, тэмцэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, ногоо,  малын тэжээлд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байна.

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр чухал хуулийн төслийг бид хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Эдийн засгийн уналттай байгаа жилүүдэд өсөж байгаа салбар бол хөдөө, аж ахуй юм. Мал аж ахуй, газар тариалан хэдий амжилттай өсч байгаа ч эдийн засагт олох орлого, экспортын бодлого алдагдсан. Хүнсний бүтээгдэхүүний гол түүхий эд болох малын мах олон улсын стандартын шаардлага хангахгүй байна. Энэ стандартыг хангаж байгаа эсэхийг тогтоодог хүмүүс нь та нар. Хуулинд тусгах гол заалтын нэг нь олон улсын стандартад нийцсэн махыг дотоод болон гадаадад бэлтгэхэд танай лабораториас шинжилгээ үзүүлэлтүүдийг хэрхэн сайжруулах, үүнээс үүдэн малыг хэрхэн эрүүлжүүлэхийг шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

Дараа нь хуулийн төсөлд тусгах асуудлын талаар тус лабораторийн ажилтнуудын санал бодлыг сонссон юм. Их эмч С.Болдбаатар “Сумын түвшинд ажилладаг лабораториуд баталгаагүй болсон. Хангалтгүй вакцин, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэж малын мах олон улсын стандартад нийцэхгүй байгаа юм. Малчид өөрсдөө зах дээрээс дур мэдэн эм, тариа авч малдаа хэрэглэдэг. Халдварт өвчин гарахад хорио цээр тогтоох, вакцинжуулалт хийх зэрэг ажлын бүх зардлыг улсаас дааснаар малчид ямар ч хариуцлага хүлээхгүй байна” гэж байв.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Мал эмнэлгийн сургуульд ажиллалаа. Энэ үеэр сургуулийн захирал А.Гомбожав лекцийн хичээлийг багасгаж ур чадвар олгоход анхаарч буй талаар танилцуулав. Тэрбээр хортой нөхцөлд, төрөл бүрийн вакцин, халдваргүйжүүлэх бодистой харьцдаг малын эмч нар эрүүл мэндээрээ хохирч үлддэг учир ажлын байрыг хортой нөхцөлд хамруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхмийн эрхлэгч Ч.Тунгалаг “Хөдөө, аж ахуйн салбарын боловсон хүчнийг чадавхижуулж, малын эмч нарыг системтэйгээр үргэлжлүүлэн бэлтгэх, малын эмчийн үүрэг хариуцлага, ёс зүйг дээд зэргээр хангах шаардлагатай” байгааг хэлж байв.

Ажлын хэсэг дараа нь Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн, ХААИС-ийн МАА, биотехнологийн сургууль, “Биокомбинат” ТӨУҮГ, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын лаборатори, Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Үрийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн