Их зохиолчийн охин Н.Ананда Ширийн гунигт тавилан

Хосгүй авьяас билэгтэй, ховорхон төрөх яруу найрагчийг бурхан илгээдэг хэмээнэ. Бурхан тэдэнд ээдрээтэй сонин хувь тавилан, богинохон нас болгоосон байдаг ч юм шиг. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж хорвоо дэлхийд ердөө 31-хэн насалжээ.

“Амьд эрүүл явсан хүн, улсын наадам үзнэ” хэмээн уулга алдаж явсан тэрээр 1937 оны наадмаар (наадам өндөрлөх өдөр) нас эцэслэсэн гэдэг. Наадмаас хойш эсэргүүн хэмээн нэр хоч зүүж, хэлмэгдэн орон шоронд хүртэл орж явсан Д.Нацагдоржийн хувьд олигтой юм үзэхгүй байсан гэж үе тэнгийнх нь нөхөд хожим дурсан бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, 1937 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд их зохиолч маань амьд сэрүүн үлдэхгүй байсан бололтой.

Тэгээд бодохоор их зохиолч Д.Нацагдоржид хүссэн ч хүсээгүй ч 31-хэн насалж, хоёр бүсгүйтэй гэрлэн, нэг хүүхдийн эцэг болох хувь тавилан тохиожээ. Их зохиолч Д.Нацагдоржийн анхны эхнэр Пагмадулам таван улсын хэл мэддэг, тухайн үедээ Монголын хамгийн боловсролтой бүсгүй байсан хэдий ч энэ тухай учир битүүлэг үлджээ. Харин бидний хүүхэд ахуй цагт Д.Нацагдорж баруун Германд амьдарч байсан гэнэ. Орос эхнэр нь Герман гаралтай бүсгүй байсан юм байх аа гэхчилэн яригдаж хот, хөдөөгүй шуугиан тарьж байсан санагдана. Тэгэвч Д.Нацагдоржийн орос эхнэр болоод түүнээс төрсөн ганц охиных нь тухай бас л бүрхэг байсан бололтой. Харин миний хувьд 1970-аад оны эцсээр ШУА-ын Газарзүйн хүрээлэнд хамт ажиллаж байсан О.Намнандорж гуайгаас дараах зүйлсийг лавлав.

Намнан багш 1920-иод оны эцсээр Ленинград хотод суралцаж байжээ. О.Намнандорж гуайг жинхэнээрээ бол 1900 онд төрсөн, харин залуу эхнэртэй болох гээд таван нас хасч 1905 онд төрсөн гэж албан баримт бичигт бүртгүүлсэн юм гэнэ билээ хэмээн манай хүрээлэнгийн ахмадууд жич ярилцдагсан.

Намнандорж гуай хэдийгээр нас сүүдэр ная шахсан ч эрдэм судлалын ажлаа хийж, ном товхимол бичиж, эрдэм шинжилгээний олон арван бүтээлээ туурвихын дээр бидэнтэй үе тэнгийн юм шиг л элдэв сонин содон зүйлсийг ярилцдагсан. Ахмадуудын үзсэн туулснаа хуучлах нь одоо бодохноо амьд архив нууцаа дэлгэх шиг гайхамшигтай сонин сайхан зүйл байжээ.

О.Намнандорж гуайн яриа

Уг нь Намнан багш бид хоёр дээр үеийн хүрээний сайхан залуусын тухай хөөрөлдөж байсан билээ. Ярианы далимд би “На багш шиг гоё хүн ч тэр үеийн залуус дунд ховорхон байсан байлгүй дээ. Одоо ч та сайхан хэвээрээ шүү” гэж хэлэхэд Намнан багш “Хүний залуу нас сайхан байлгүй яах вэ. Чи надтай манайхаар нэг очиж миний залуугийн зургийг үзээрэй. Матигар бариултай таяг шуундаа өлгөчихсөн, цилиндр хэлбэртэй гоё малгай тавьчихсан хорин хэдэн настай Намнандоржийн зураг одоо ч надад байгаа.

Зохиолч Д.Нацагдорж ч бидний үеийн сайхан залуусын нэг байсан юм. Харин Нацагийн орос авгай Нина Чистякова бол надтай сууж байсан, миний эхнэр юм шүү. Би хориод оны сүүлчээр Ленинград хотод суралцаж байлаа. Тэр үед орос орон их ядуу. Октябрийн хувьсгал, иргэний дайн, дэлхийн нэгдүгээр дайн гээд олон жил дайн самууны хөлд тамирдсан байсан хэрэг. Харин Монголчууд бидэн шиг баян тансаг хүн тэнд ховорхон байлаа. Төвд хоргой дурдан, эд бараа элбэг дэлбэг байсан цаг. Орос хүүхнүүд бидэнд хандрах дуртай. Би анх Орост очоод өөрийн үе тэнгийн нэг Орос бүсгүйтэй үерхэж хэдэн жил болсон юм. Харин нутаг буцах болсон нөгөөх маань арай хөгшин юм шиг харагдаад…

Тэгтэл нэг өдөр 17-18 настай болов уу гэмээр хонгор шаргал үстэй, үгээр магтахын аргагүй үзэсгэлэн гоо охин алхаж явах нь тэр. Би сэтгэл уярч түүнд дурлаад эхнэрээ болгоод аваад ирсэн юм. Монголдоо ирээд бид нэг гэрт хамт амьдарч байлаа. Хоёр ч удаа хөл хүндтэй болсон боловч тэр үед Орос докторууд, элбэг байсан болохоор тэднээр үр хөндүүлэхээр нь би дургүй хүрээд чамтай суусны учир нь үр хүүхдээ л үзэх гэсэн юм гэж уурлаад салсан юм. Тэгээд хөөрхий минь Д.Нацагдоржтой гэр бүл болж, нэг охин төрүүлсэн гэж билээ.

Тэр үед би дөнгөж их сургууль төгссөн ид залуухан байсан тул тэр сонин учрал тохиолын тухай л сонирхож байснаас бус харь газрын нэгэн Орос бүсгүй хэл мэдэхгүй, хүн танихгүй өөр улс оронд хань болно гэж авчирсан хүндээ хөөгдөөд явж байхдаа яасан их шаналж байсан бол хэмээн огт бодоогүй билээ.

Сайн, муу юмны учиг тайлах нас тогтсон хойноо одоо элдвийг эрэгцүүлэн бодохуйд эвгүй цаг үеийн шуурганд элдвээрээ гоочлуулж, эсэргүүн хэмээн хэлмэгдэж явсан Д.Нацагдорж хийгээд түүний Орос эхнэр Нина, охин Ананда Шири нарын хувь тавилан өрөвдмөөр эмгэнэлтэй өнгөрсөн нь миний өрийг өвтгөх шиг болдог юм.

Нина Чистяковагийн амьдралын ээдрээтэй зам:
“Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас модны жам юмаа
Харийн газар очно гэдэг нь
Бүсгүй хүний заяа юм аа” гэдэг шиг л эхэлжээ.

Цус, нулимсанд живсэн он жилүүд

1930-аад оны дунд үеийг би Монголынхоо төлөө зүтгэсэн эх оронч хөвгүүдийн цус, нулимсанд живж, тэдний амь амьдралаараа хохирсон эмгэнэлт цаг үе байж ээ гэж бодном.

Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян үйлийг бүтээж явсан лам нар бөөн бөөнөөрөө буудуулж, үндэс угсаа, монгол эх орноо гэсэн эрдэм номтой шилдэг сайн хүмүүс ч хэлмэгдэж, амь хороогдож байсан тэр хүнд бэрх цагийн салхи хуйсганан хөдөлж байсан үед Д.Нацагдорж, Нина Чистякова нар гэр бүл болжээ.

Энэ тухай эрдэмтэн судлаач Л.Балдан гуай “Нина Чистякова өөрийн хувь тавилангаар 1930-аад оны эхээр Монгол оронд ирэхэд цагийн байдал тийм ч аятай, таатай байгаагүй. Гадаадын хүмүүсийг хардаж сэрдэх уур амьсгал эхэлж байлаа” хэмээн тодорхойлжээ. Яг л ийм хүндхэн цаг үед тэд амь амьдралаа холбон үрийн зулай үнэрлэсэн нь 1934 оны гуравдугаар сарын 22 бөгөөд охинтой болсондоо бөөн баяр хөөр болж, их зохиолч эцэг нь өөрийн уншсан дорно дахины олон ном сударт гардаг хүний нэрээр охиндоо Ананда Шири гэсэн нэр хайрлажээ.

Зохиолч Д.Нацагдоржийн аав хохь тайж Дашдоржийн удам, мах цусных нь тасархай хэмээн нэгэн охин төрж, ээж, ааваа баярлуулж баясгаж байсан ч хайрт хосуудын аз жаргал, баяр баясгалан удаан үргэлжлэхэд тухайн цаг үе тайж удам нь саад болсоор байсан нь ч тодорхой ажээ.

Д.Нацагдоржийг өөлж гоочлох нь 1929 оны өвлөөс эхэлж, ажлаас нь халах оролдлого 1930-аад оноос илт мэдрэгдэж. Тэр үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн бичиг хэргийн эрхлэгч Лигцэгдоржоос нэг нөхөр нь “Чи Нацагдоржийг хавчин ажлаас нь гаргах гээд яаж байгаа юм бэ” гэж асуухад “Би ч яахав, тайж феодалуудыг цэвэрлэн зайлуулах заавартай тул зааврыг биелүүлэх ёстой” гэж хэлж байжээ.

Иймэрхүү өдөөн хатгалгын шинжтэй үйлдлүүд улам даамжирсаар Берлин хочит Бат-Очир гэдэг хүн нэрт зохиолчийн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үеийн гэрэл зургийг татаад “Тайж Нацагдоржийн банкет” гэж ард нь тодотгон нэг хувийг нь дотоодыг хамгаалахад шилжүүлснээс буруутгах боломж гарч 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан мөрдөн байцааж эхэлжээ. Нацагдорж, Нина Чистякова хоёр бие биесээ хайрлан эвсэг сайхан амьдарч байсан ч нөхөр нь орон шоронд хоригдсоноор амьдын хагацал, сэтгэлийн гачаалд өртөж, зовсон ч амьдрал салж сариналгүй харин ч бие биесээ санан дурсах нь улам их болж, Д.Нацагдорж

“Шоронгийн мянган зовлонг шаналж энэлэхийн дотор
Янаг амрагаа мөрөөдөх нэг зовлон хэцүү еэ
Гэрээ санан бодож, гэргий ханиа мөрөөднө
Зүрхний амраг хүү минь зүүдэнд ороод зовооно” гэж хэлсээр хэлмэгдэн шоронд сууж байхдаа 1932 онд эхнэр Нинагаа санан дурсч бичжээ. Халх сайхан эрд хайраа өгсөн Нина Чистякова Орос хүний өгөөмөр сайхан сэтгэлээр хань нөхрөө шоронд байнга эргэж, халамжлан дээдэлж байсан болох нь Д.Нацагдоржийн зохиол бүтээлд тусгагдан мөнхөрч үлджээ.

Жишээлбэл, “Эргэн тойрч ирэхэд чинь элбэрэлт чам руу тэмүүлнэ. Хонгор хүүгээ санахад гарч уулзахыг бодно. Хаах цагдах нь хэцүү ч хайртай хүү минь хүлээсээр… Харанхуй гянданд ороход харж үзэх нь ганцхан. Насан өнөдийн хүү минь намайгаа үргэлж эргэсээр” гэж бичсэн нь зандалчин хуяг харуулуудаас залхалгүй, эр нөхрөө санагалзан шорон гяндангийн үүд хаалгыг өдөр өнжин сахих залуухан орос эмэгтэйн дүр зураг нүднээ тодрох шиг болно.

Нина Чистякова анх О.Намнандоржтой толгой холбож, харийн газар бэр болсон ч Намнандорж гуайг хөнгөн явдалтай, насан туршид ханилахад учир дутагдалтай мэт санаж хүүхэд гаргахаасаа ч болгоомжилсон бололтой. Харин Д.Нацагдорждоо үнэн хайр сэтгэлтэй, хайрт ханьдаа ч халамжтай, орон шоронд байхад нь үргэлж эргэж тойрч, орос нутагтаа очоод ч хүсэн хүлээж байсан бололтой.

Нина Чистякова 1948 оны наймдугаар сарын 9-ний өдөр “… Тэр Ананда 14 нас хүрсэн болохооороо надтай чацуу өндөр нуруутай, маш авьяаслаг, хөөрхөн охин болсон. Энэ жил долдугаар ангид орлоо. Суралцсан бүх хугацаандаа онц гарч, анги дэвших бүрдээ баярын бичиг авч байна” хэмээн охиныхоо тухай сэтгэл хангалуун тодорхойлохдоо нэг нэртэй амьдааг нөхөр Д.Нацагдоржийгоо гэж андууран эзэндээ хүрээгүй захидлаа бичсэн нь эдүгээ Д.Нацагдорж судлаачдын судалгааны үнэт зүйл болон үлджээ. Нина Чистякова төрөлх Ленинград хотдоо очоод нөхөрт гарч хоёр дахь охин Татъяна Нина Григорьевна 1939 онд мэндэлсэн ч Монгол нөхөр Д.Нацагдоржийгоо амьд сэрүүн байх гэж сүсэглэн дээдэлж, охиных нь болоод өөрийнхөө тухай Монголоос явснаас хойш арав гаруй жилийн дараа захидал бичиж байсан нь хайр сэтгэл гэдэг насан туршид сэтгэл зүрхэнд хадгалагдаж үлдсэн байдгийн баталгаа мэт санагдана.

Энэ сайхан сэтгэлтэй Орос бүсгүй Монголд амьдарч байхдаа ганцаардаж хавчигдах, шоронд орсон нөхрөө санагалзах дотоодыг хамгаалахынханд мөрдөгдөх зэрэг тоймлохын аргагүй зовлон бэрхшээлтэй тулгарч байсан юм шиг санагдана.

О.Намнандорж гуай надад хуучлахдаа, “Нацагийн Орос авгайг манайхан хавчиж хяхаад, цагаан аралын дамжлага бааз орох жинчдийг дагуулаад нялх хүүхдийг нь тэврүүлээд хөөчихсөн юм. Харь газрын ганц бие эмэгтэй, бас нялх хүүхэдтэйг хэлэх үү хаа байсан Ленинград хот ортол хэдэн мянган км газар яаж зовж зүдэрч явж хүрээ бол гэхээс өрөвддөг юм. Уйлж шаналах нус нулимастайгаа холилдох юу ч биш. Нинагийн хувьд би их гэм хийсэн хүн юм шүү. Намайг дагаж Монголд ирээгүй бол…” гэж өөрийгөө буруутгах зэмлэх аяс ярианд нь илэрч байж билээ.

Тэгснээ ер нь зовлонг дааж гарах маш их сэтгэлийн тэвчээртэй, гайхамшигтай эмэгтэй. Би эх орны дайны үед Ленинградын 900 хоногийн бүслэлтэд өлсгөлөнгөөр үхсэн байх гэж боддог байсан юм. Харин тэгтэл хэзээ хойно амьд байсан. Амьдралд аль сонин хачин юм тохиолдохыг тэр гэх вэ. Би 1957 онд Латви, Литви, Эстон орох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж намын төв хорооны нэг нөхөртэй Ленинградаар дайрч явсан юм.

Тэгтэл тэр нөхөр Нацагдоржийн охин Ананда Ширийг таньдаг байсан юм байж. Утсаар ярьж байна. Би бүр сэтгэл догдлоод ээж нь байна уу гэж асуугаад орхи гэсэн чинь харин байна гэж хариуллаа. Тэгж л Нина Чистяковагийн амьд дуу хоолойг дахин хэзээ хойно сонссон юм. Нацагдорж хэдэн онд яаж нас барсан юм бэ гэж надаас асууж байсан шүү. Би бүр очиж уулзмаар санагдаж байсан ч онгоц нисэхэд хоёрхон цаг дутуу, бид нисэх буудал руу явах болчихсон байсан болохоор амжиж завдаагүй хэмээн ярьж билээ.

Д.Нацагдоржийн төрсөн ганц охин Ананда Шири нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монголд ирж амьдрах болсноор түүний ээжийн болоод Анандагийн амьдралын тухай Монголчууд бид бага боловч ярих юмтай болжээ. Сэтгэл хөдөлгөсөн сайхан учрал тохиол мартагдана гэж үгүй. Д.Нацагдоржийн мэндэлсний 85 жилийн ойн үеэр шиг санагдана. Монголын маань гайхамшигт нэгэн хатагтай С.Удвал гуайн хамт хөх торгон дээл өмсч, шар дурдан бүс ороосон нэгэн гоолиг эмэгтэй алхалж явсан нь Д.Нацагдоржийн охин Ананда Шири байж билээ.

“Цэлмэг тэнгэрийн оронд төрсөн гоолиг бүсгүйд
Цэнхэр торгон дээл зохисон гэдэг нь ванлий
Цэцэн мэргэн найрагчийн төрсөн ганц охин
Цээжинд баясал тээж ирсэн тэнгэрийн дагина мэт” хэмээн уулга алдаж шүлэглэсэн мөр бадаг миний тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн байх юм.

Их зохиолчийн охин Ананда Шири

Д.Нацагдорж охин Ананда Ширигийн хамт.

Монголчууд бид Д.Нацагдоржийг Орос эхнэртэй байсан, ганц охинтой, тэр охин нь Орос оронд байдаг юм гэнэ гэхээс өөрөөр мэдэх зүйл ховорхон байсан бололтой. Харин Ананда Шири амьдралынхаа сүүлчийн жилүүдэд төрсөн нутаг Монголдоо ирж, Монголын иргэн болсноор Д.Нацагдоржийн эхнэр хүүхдийн талаар ярих хэлэх юмтай болжээ.

Эрдэмтэн судлаачид ч энэ талаар янз бүрийн сонин хэвлэлд бага сага юм бичих болж тэр бүхнийг эмхэтгэн дүн шинжилгээ хийж, эрдэмтэн Л.Балдан “Хувь заяаны эрхээр хагацсан бүсгүйчүүд” нэртэй ном бичжээ. Эндээс үзэхэд Нина Чистякова Д.Нацагдорж хоёр Улаанбаатар хотод танилцсан, 1932 онд гэр бүл болж, Шинжлэх ухааны хүрээлэнгээс Д.Нацагдоржид өгсөн (одоогийн 10 жилийн I дунд сургуулийн урд) тухайн үедээ Шожооны гудам нэртэй газар байсан баруун тийш харсан жижиг шавар байшинд гал голомтоо бадрааж байжээ гэдэг нь тодорхой байгаа юм. Нина Чистякова Ленинград хотноо 1909 онд төрсөн О.Намнандорж (1900 онд төрсөн гэж үзвэл)-оос ес дүү, харин Д.Нацагдоржоос гуравхан дүү эмэгтэй байсан агаад эх нь …. немц, фон фишерийн удмын хүн байсан байна.

Охин Ананда бичихдээ “Ээж маань найман насандаа бүтэн өнчирч, загалмайлсан ээжийнхээ гар дээр өсч хүмүүжсэн юм. Ээж бүх юманд цэвэр цэмцгэр хандах, цагийг нарийн барьж ажилсаг байх зан чанарыг эхээсээ өвлөн авсан билээ. Юм сайн оёж нэхдэг байв… Ленинградын бүслэлтэд болон Алтайн хязгаарт нүүн шилжиж байх үедээ… ээж маань маш тэсвэр хатуужилтайгаар хүнд бэрхшээлийг гэтлэн давсан” гэжээ.

Эндээс эрэгцүүлэн бодвол Нина Чистякова өсөхдөө өнчрөл хагацлын зовлонг амсч, охин насаа үдэж ядан явахдаа Очирын Намнандорж гэгч Монгол эртэй учирч, харь оронд ирж хань ижил болсон эр нөхөртэйгөө таарч, үр хүүхэд төрүүлэн жаргалтай сайхан амьдрах зам нь нээгдсэн ч тухайн нийгмийн байдал, цагийн төрх эвгүйрхсэн нь цаашид амар тайван аж төрөх боломжгүй болгосон бололтой.

Цаг төрийн байдал цаашид хамт амьдарч болохгүй болгочихоод байгааг Д.Нацагдорж болон Нина Чистякова хоёр аль аль нь мэдэрч, хагацаж сална гэдэг түмэн зовлонгийн үүд нээгдэнэ гэдгийг ч Д.Нацагдорж “Гэргий хүүхдээсээ хагацахуй” гэдэг шүлэгт маш тодорхой дүрсэлж, хойч үеийн бидэндээ бичиж үлдээжээ. Энэ шүлэгт
“Эцэг эх хоёулаа
Энхрий охинтой гурвуулаа
Эндүүрч хоомгойдож бодвол
Энэ гурвалангийн нь зовлон” гэж бичээд үхтэл үр харам гэдгийн учир ганц охиндоо бүрч их санаа тавин гансарч
“Ганц охиноо бодохуйд
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална” хэмээн аргагүйдэж, хүчин мөхөсдөн элэг зүрхээ хэмлэж буй найрагч Д.Нацагдоржийн сэтгэлийн үг үеийн үед шүлэг хэмээх хөшөө дурсамж болон мөнхрөн үлджээ.

Амьдрал салвал эцэг, эх охин энэ гурвалангийн зовлон эхлэнэ гэдгийг цэцэн мэргэн найрагч мэдэхийн дээдээр мэдсэн гэлтэй.

1930-аад оны хэлмэгдэлтэд өртөж, азаар амьд мэнд гарсан О.Намнандорж гуай тухайн цаг үеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч Нина Чистяковаг манай дотоодыг хамгаалахынхан хөөж явуулсан гэж бодсон ч юм уу, эсвэл үнэхээр хөөж явуулсан гэдгийг нь мэдэж байсан ч юм уу ямартаа ч “Нацагдоржийн Орос авгайг манайхан жинчид дагуулаад, хүүхдийг нь тэврүүлээд төрсөн нутаг руу нь хөөчихсөн юм” гэж хэлснийг их зохиолчийн талаар нилээдгүй судалгаа хийсэн эрдэмтэн судлаач Л.Балдан гуайгаас лавлахад тэрбээр Ананда Ширигийн хэлсэн “Ээжийг нэгэн танил нь цэргийн машинд суулгаж хил хүргэсэн юм” гэдгийг давтаж билээ.

Л.Балдан гуайн бичснээс энэ талаар нэлээд дэлгэрэнгүй иш татвал “Ананда эрүүл энх амар тайван өсөн торниж, хоёр ой өнгөрч байтал Нина Чистякова учир шалтгаан нь мэдэгдэхгүй нутагтаа буцах болжээ”. Ананда өөрийнхөө намтарт бичснээр “Эцэг маань намайг өөртэйгөө хамт байлгахыг ээжид гуйсан боловч ээж зөвшөөрөөгүй ааваас нуугдаж нутаг руугаа явсан юм байна билээ. Би түүнийг сүүлд мэдсэн юм. Харин ээж маань Монголд хэрхэн амьдарч байснаа надад ярьдаггүй” гэжээ.

Нина Чистякова Монголд маш аз жаргалтай, амар тайван амьдарч байсан бол тэр тухайгаа бахархалтайгаар ам бардам ярьж хуучилж баймаар санагдана. Гэвч Монголд Нина Чистяковагийн хувьд сэтгэлийн шархтай, нутаг буцахдаа ч багагүй зовлон бэрхшээлийг туулж харьсан байх гэсэн таамаг сэтгэлийн минь орон зайг илүүтэй эзэгнэнэ.

Д.Нацагдоржийн эхнэр нутаг буцсанаар их зохиолчийн бичсэнчлэн “Эндүүрч хоомгойдож бодвол, энэ гурвалангийн нь зовлон” хэмээх мөр шад амьдралынх нь зам мөр болон үлдсэн ч юм шиг ээ. Эхнэрээ нутаг буцсанаас хойш сэтгэлийн зовлонд дарагдсан Д.Нацагдорж аятай тохьтой ч байсангүй архи дарсанд арай илүү автаж, гунин гутарч явсаар ойролцоогоор 8-9 сарын дараа учир битүүлэг үхлээр ертөнцийг орхижээ. Д.Нацагдорж чулуу дэрлэн мөнх нойрсож, эхнэр хүүхдээс хагацах хийгээд эсэргүү дайсан хэмээн адлуулахын зовлонгоос салсан ч, Нина Чистякова болон бяцхан охин Анандагийн хувьд зовлонт он жилүүд үргэлжилсээр л байжээ. Нинаг нутагтаа ирснээс хойш хэдхэн жилийн дараа эх орны дайн эхэлж, төрөлх хот Ленинград нь бүслэлтэд орж, үхэл хагацал өнчрөл, өлсгөлөнгийн гай гамшиг нүүрлэжээ.

Нина нутагтаа очоод нөхөрт гарсан ч нөхөр нь эх орны дайнд дайчлагдсан болох нь ч тодорхой. Хоёр нялх балчир хүүхэдтэй Нина 1941-1942 оны өвлийг бүслэгдсэн Ленинградад өнгөрүүлээд, 1942 оны хавар Алтайн хязгаарт нүүж очжээ. Тэднийх Алтайн хязгаарт хоёр жил гаруй болоод 1945 оны нэгдүгээр сарын 1-нд Ленинграддаа эргэн ирсэн байна.

Дайсны онгоцны бөмбөгдөлт, их бууны довтолгоонд нэгэнт өртсөн Ленинградад ирэхэд эвдэрч нурсан байшин барилга, гэрэл цахилгаан, халаалтгүй өрөө тасалгаа эргэн хотдоо ирсэн ард иргэдээ угтсан байх гэж бодогдном. Энэ бүхэн хоёр бага насны хүүхэдтэй эмэгтэй хүнд амьдрахын төлөө тэмцэл, бэрхшээл зовлон байсан гэдэг ч ойлгомжтой санагдана. Нина Чистякова бол амьдралын хүнд бэрхийг сөрж гарсан оросын баатарлаг эмэгтэйчүүдийн нэг байжээ.

Д.Нацагдоржийн Орос эхнэрийг маш сайхан гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан тухай ном зохиол, баримт материалд тэмдэглэн үлдээсэн хэдий ч охин Ананда нь ээжийнхээ талаар тодорхойлохдоо “Ээж маань гоо сайхан эмэгтэй байсан бөгөөд 70 настай байхад нь хүртэл хүн бүхэн нь л гоо сайхнаа яаж хадгалан үлдсэнийг нь гайхдаг байлаа. Ээж бидэнд хатуу шаардлага тавьж, хүмүүжүүлэхийг зорьдог байв. Бага дүүг ихээхэн анхаарч, түүнийг хань ижилтэй болсны дараа нь ээж ганцаараа амьдрах болсон юм даа” гэжээ.

Д.Нацагдоржийн ганц охин Ананда Шири ч сайн эхийн үр хүүхэддээ санаа тавьсан эрхэм сайхан хүмүүжлээр төлөвшин, 1952 онд дунд сургуулиа төгсөөд Ленинградын Политехникийн дээд сургуулийн Годроинженерийн факультэтэд орж суралцжээ. Сургуулиа төгсөөд аспирантурт суралцсан байна.

Ананда мэргэжилдээ ихээхэн дадлагажиж, өргөн мэдлэгтэй байсан тул 1966 онд Эстоний Таллин хотод нөхөртэйгөө шилжин очсоны дараа политехникийн их сургуульд 10 гаруй жил багшилсан ажээ. Ананда Шири мэргэжилдээ маш сайн байсан хэдий ч тэрбээр зураг зурах гайхамшигтай авьяастайн дээр шүлэг бичдэг байсан нь үнэхээр олзуурхмаар.

Энэ тухай төрийн шагналт зохиолч С.Удвал гуай бичихдээ “Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн охин Ананда Шири зөвлөлт Эстонид амьдарч хөдөлмөрлөж байдаг юм. Энэ удаа тэр намайг туйлын их баярлууллаа. Тэр өөрийнхөө 10 гаруй шүлгийг илгээжээ. Д.Нацагдоржийн зохиолыг бишрэн уншигч манай орны болон гадаад олон түмэн миний энэ баярлаж байгааг хуваалцана гэж итгэж байна. Би … Анандынхаа энэ шүлгэнд байгалиас заяасан зүйл мэт их олзуурхлаа” гэж уулга алджээ.

Ананда Шири эцгээсээ зурж бичих авьяас билгийг (зохиолч хүнд зурах бичих авьяасыг бурхан оноодог бөгөөд аль төрлийг нь хөгжүүлэх вэ гэдэгт л хамаг учир нь бий байх. Манай олон зохолчид зурж бас бичдэг билээ.) өвлөсөн бөгөөд “Аавдаа” гэдэг шүлэгтээ

“Сар тоссон цацал мэт таны сэтгэлийн зул өмнө минь гийж
Сайхан мэлмий тань намайг энхрийлэн ширтэж
Өнчирч хагацсан охиныхоо зовлон гунигийг нимгэлэхээр
Өөр ертөнцөөс сэмхэн ирж өр зүрхийг минь уясаанам” гээд “Би энэ шүлгэнд их юм шингээсэн. Энэ бол магад ч үгүй миний хөтөлбөр ч байж мэднэ” хэмээн эцгийгээ яруу найргийн тэнгэрт дээдэлсэн байдаг ажээ. Үүнийг магадлах бодит үнэн баримт нь Л.Түдэвийн “Суут Нацагдоржийн охинтой үүлэн цаана найман цаг ярилцав” (1966 он) гэдэг ярианд тусгагдсан байна. “Бид хоёр үүлэн дээгүүр нисч явлаа. Хажууд минь … орь залуу Ананда Ширитэй анх учирсан мөчид ийм байж билээ.

Би асууруун Эцгийн тань дүр ямархнаар төсөөлөгдөж байдаг вэ гэхэд Ананда Шири хариулруун Эцэг минь наддаа үлгэр домгийн сайхан хүн юм. Хүрч болшгүй тийм туяа цацарсан үзэгдэл миний сэтгэлд уяатай байдаг билээ” хэмээн хариулсан нь төрсөн эцгээ бурхан мэт дээдэлж шүтэж хайрлаж явсны баталгаа билээ.

“Хүн өтөлбөл нутгаа, тураг өтөлбөл уулаа” барааддаг тухай монголчууд бид үе дамжин ярьсаар иржээ. Ананда Ширийн хувьд

“Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчин уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон” гэж насан туршид бахархан санагалзаж энэ бол миний эцгийн ч төрсөн нутаг хэмээн дээдэлж, үлгэр домгийн юм шиг үзэсгэлэнт сайхан хөх тэнгэрийн орондоо үсэн бууралтахын цагтаа сэтгэл шулуудан ирээ биз ээ.

Эстонид 1990-ээд оны эхээр амьдралын байдал хүндэрч, нэгэнт нөхрөө хүнд өвчний улмаас алдаж, ганцаар тэтгэврийнхээ хэдэн рублиэр амьдарч байсан Ананда унасан газар, угаасан усаа мөрөөдөн Монгол эх орондоо ирсэн юм. Их зохиолчийнхоо охиныг ирэхэд Монголын зохиолчдын хороо нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооллын дөрвөн замын зүүхэн талд тохилогхон байр өгчээ.

Ананда Монголд ирснээр их зохиолчийн охиныг хүндэтгэн дээдлэх хүмүүс олон байсны дээр тэр үеийн соёлын сайд (Монгол улсын ерөнхийлөгч асан) Н.Энхбаяр, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал, эрдэмтэн зохиолч Л.Дашням нарын зэрэг сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр амар тайван, сайхан амьдарч, Монголын иргэн болсон юм.

Ананда Монголд сууршсаныхаа дараа дээрх хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр Орос, Эстонид зочлон очиж, ээж Нина Чистякова, охин дүү Нина Григорьевна болон дотно найз нөхөдтэйгөө уулзаж байсан нь эцсийнх байжээ.

Монголд суурьшихаар ирэхээсээ өмнө Ананда ходоодны хорт хавдар болж мэс засал хийлгэсэн байсан нь эх нутагтаа урт насалж удаан жаргах зам мөрийг нь тушсан бололтой.

Ананда Шири насан өөд болохоосоо өмнөхөн 1994 оны аравдугаар сарын 9, арванхоёрдугаар сарын 7-нд ээждээ захидал илгээсэн ч нэгэнт нас сүүдэр ная хол давсан ээж нь ханиад хүрч, бие нь сульданги байснаас хариу захидал бичиж завдалгүй байж байгаад хожим охиндоо захидал илгээсэн ч төгөлдөр гоо охин нь төрсөн нутгийнхаа чулууг дэрлэн мөнх нойрссон тул хожимджээ.

Тэгэвч үхтэл үр харам гэж охиноо урт насалж, аз жаргалтай байгаасай хэмээн сэтгэл зүрхэндээ дээдэлсэн ээжийнх нь захидал яасан өрөвдөлтэйгөөр эзэндээ хүрэлгүй үлдсэн болохыг товчхон сөхвөл “… Ээжийнх нь бичиг гэж найгаа алдсан байгаа биз. Үзгээ л арай гэж тогтоож байна. Гар салгалаад байгааг ч хэлэх үү. Ээж нь нэг сонины хайчилбар хийлээ. Хоёр талыг хоёуланг уншаарай. Ээжийнхээ үгэнд ороорой. Хөл гарынхаа хуруу, бүх үе мөчөө өглөө болгон доод тал нь 30-50 удаа эргүүлж хөдөлгөж бай… Салхинд сайн явж бай. Гүйх бол албагүй гэсэн шүү. Наночка! Төрсөн өдрийг чинь тохиолдуулан баяр хүргэж үнсье. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. Чадал хүрвэл охиндоо ядаж сардаа нэг захиа явуулаад байхыг бодно доо. Чи минь ч гэсэн зав зай гарвал бичээд бай…” гэжээ. “Хувь заяаны эрхээр хагацсан бүсгүйчүүд” хуудас 62.

Жаран нас хүрсэн охиндоо хандаж үргэлж үе мөчөө хөдөлгөж, салхинд явж бай гэж захихдаа “Ээжийнхээ үгэнд ороорой” хэмээн сануулж байгаа эх хүний тэр хайр халамж үрээ дээдлэх сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй ээ.

Их зохиолч Д.Нацагдорж бурханы оронд очихоосоо нэг жилийн өмнө
“Ганц охиноо бодоход “Хайрлах сэтгэл ундарна” хэмээн бичиж үлдээжээ. Найрагч Нацагдоржийн ганц охиныг Монголчууд бид үеийн үед үрийн үрд их зохиолчийн маань мах цусны тасархай нэмээн хайрлан дээдлэх учиртай.

Хөөрхий тэр бүсгүй
Нацагдоржийн охин
Хөх тэнгэрийн орны
Хөрс шороо болно
Цэцэг болно
Хөрсөн бие нь цагийн салхинд хувирч
Энгэр газрын
Элс шороонд уусна
Эхэлж төрсөн Монголдоо эцэслэсэн болохоор…

Эх сурвалж:

MNB

11 thoughts on “Их зохиолчийн охин Н.Ананда Ширийн гунигт тавилан

  1. Бат 2018-11-24 14:01 at 14:01

    37 оны энэ хэлмэгдүүлэлтүүдийг одоо хүмүүс монголчууд хийсэн юм шиг ойлгох болж улбаа нь нэгэн цагт их орос гүрнийг түйвээж явсан эзэн чингисийн өшөөг л авсан коминтерний зөвлөгөө байлаа үүнийг хэрэгжүүлэхгүй бол орсод аваачин алж байлаа

    Хариулах
  2. Москва 2018-11-24 14:09 at 14:09

    Хуухэдгуй юм байхдаа..Хуний хувь тавилан гэж..

    Хариулах
  3. Зочин 2018-11-24 15:08 at 15:08

    Ананда гэж бурхан Буддагийн шавийн нэрийг өгсөн байждээ. Эхнэр хүүхдийн талаарх эдгээр шүлгүүдийг Нацагдоржийг анхны эхнэр Пагмадулам болон тэдний дундаас төрөн нууцалж байсан охиндоо зориулсан гэж сүүлийн үeд судлаачид үзэх болсон байна лээ. Пагмадуламдаа л их хайртай байсан гэдэг

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-24 21:23 at 21:23

      Manaihan tuslaj demjiji baisan ni saihan hereg baijee. Aguu hunii ohin bolson baij dee

      Хариулах
  4. эрдэнэт 2018-11-24 16:16 at 16:16

    Анандаг монголд гэрт нь хулгайч алчихсан гэдэг билүү.

    Хариулах
  5. зочин 2018-11-24 17:20 at 17:20

    37 оны хэлмэгдүүлэлтээр манай Монголын сор болсон хүмүүс өөд болсон. 60-70 оны үед тэднээс үлдсэнн цөөхөн хэсгийг нь дахин хэлмэгдүүлж одоо монголын гений фонд ядуурчихад байгагийг өнөөгийн монголын нүүр царай илтгэж байна. Тун хайран юм

    Хариулах
  6. Нэргүй 2018-11-24 19:26 at 19:26

    Насан өндөр эхийгээ эсрэлгүй ганцаар явж хорвоог бардаг нь монгол хүн надад үнэхээр ойлгомжгүй юмдаа хөөрхий

    Хариулах
  7. ы 2018-11-27 08:53 at 08:53

    Нацагдорж айхтар зөнтэй байж охиноо Монголд ирнэ гэж,

    Хариулах
  8. Баадай 2018-11-27 16:48 at 16:48

    Нина Честякова мөнч хатуужилтай бүсгүй юм даа.Ётой л баатарлаг эмэгтэй.Охин Ананда Шири мундаг ухаантай охин юм даа.Манай залуу үеийнхэн эдний түүхийг маш сайн ухаарч аваасай даа.Ширийгий аавдаа зориулсан 4-н мөрт аугаа даа…

    Хариулах
  9. Bayarlalaa!!! 2018-11-27 18:38 at 18:38

    Mongoliin gaihamsigtai zohiolch Nazagdorjiin ohinii tyhaid saihan nairyylan byh l tyyhen yndesyydiig orolzyylan enee chagiin yl medegchidiin hyrteel bolgosond bayarlalaa;zarim ikhe medegchid yl oisoogchidiin tysiig abahgyi ch bid yndesniihee agyy zohiolch chag yeiin haramsaltai emgeneld ertsen ikhe nazagiigaa bainga harahsah yum!bidnii tyyhiin hybi zohiol ene baisan gej bodohoor eneegiin bid bas l yg tyyhen yndesleldee hymigdan yabsaar baina yy?geltei!!!yg ni chag saihan bolson geh nertei ch ylas tor gedeg mangast dahin atgyylaad Mongol maani endiij egehgyi bydyyleg teneg sylaachidiin garaas endiij egehgyi enee hyrlee!!!enyyntei harizyylbal Nazagaa maani daanch haramsaltai hairan hyniig ylas toriin har angal abarsangyi yu daa!!!hemeen enee chagt demii gansran bodno!!!ene ni iuuteid syleg zohioliig ynsin soyohosonoos yydeltei minii bodol yum aa!!ezest ni ene saihan tyyhiig hamgiin ynen tyyhiig hicheen gargasan tand bayarlaj baigaaggaan ilerhiilnem!!!Mongol hynii tyyh namtar yridiin meregediin maani namtar ene met tygen delgereh boltygai!!!!bayarlalaa/

    Хариулах
  10. Нэргүй 2019-01-13 09:50 at 09:50

    1990-eed onii eheer sonind ih zohiolch D.Nacagdorjiin ohin Ananda Shiriig sansriin tyneliin zyyn tald 5davhar bairand gert ni zer.legeer amind ni hyrsen gancaarai amidarch baidan.Alyyrchin ni oldoogyi gej sonin deet garsan. Mash haramdaltai jm bolson. Eh orondoo ireed gancaaraa amidatch baisan ih zohiolchiinhoo ganc ohiniig hamgaalj chadaagyi mongolchuyd??? Um ma ni bad mi hym.

    Хариулах

Баадай-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн