Өнгөрсөн зургаадугаар сард Фэйсбүүк компани хүмүүст хэрэглээгээ хянах боломж олгохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байв. Дараа нь наймдугаар сард ийм боломж удахгүй бий болно гэж тус компаниас албан ёсоор зарласан юм. Тэгвэл “Your Time on Facebook” нэртэй шинэ функц энэ долоо хоногоос хэрэглээнд нэвтэрч эхэлжээ.
Үүнийг ашиглахын тулд та Android, iOS гар утасныхаа Facebook аппликэшний үндсэн цэсэнд нэвтрээд “Settings & Privacy” хэсэгт орно. Энд “Your Time on Facebook” гэсэн сонголт бий. Үүгээр та сүүлийн долоо хоногийн турш өдөрт хэр урт хугацаагаар Фэйсбүүкийг ашигласнаа харж болох юм. Мөн долоо хоногийн дунджийг харуулна. Үүнээс гадна өдрийн хэрэглээндээ хугацааны хязгаар тавих боломжтой. Өдөрт хэрэглэх цаг дуусмагц дэлгэцэнд сануулах мэдэгдэл үзэгдэх юм.
Үүнээс гадна Notification буюу мэдэгдлүүдийг цэгцэлж, алийг нь харуулах, алийг нь харуулахгүй байхыг сонгож болдог болжээ. Бүр мэдэгдэл огт гарч ирдэггүй байхаар тохируулж ч болно. Технологийн компаниуд сүүлийн үед хэрэглэгчдээ дэлгэцнээс холдуулж, амраах боломжийг бий болгож эхэлсний нэг жишээ энэ болж байна. Фэйсбүүкийн эзэмшдэг Инстаграм үйлчилгээнд өнгөрсөн долоо хоногт ийм боломж нэвтэрсэн юм.
Эх сурвалж: Tech Crunch