Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян өнөөдөр Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Уг суудалд өмнө нь Хятадын иргэн Мэн Хонвэй сууж байсан ч есдүгээр сарын сүүлээр Францаас эх орондоо очоод авлигын хэргээр баривчлагдсан юм. Интерполын ерөнхийлөгчид тус байгууллагын дэд ерөнхийлөгч, Оросын дотоод хэргийн яамны генерал Александр Прокопчук нэр дэвшсэн боловч АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүчтэй эсэргүүцэж, оронд нь Өмнөд Солонгосын нэр дэвшигчийг дэмжсэн байна.
Хэрвээ Прокопчук сонгогдвол Интерполын сүлжээ Москвагийн улс төрийн дайснуудын эсрэг ашиглагдана гэж өрнөдийнхөн болгоомжилж байв. Дубай хотод болж байгаа Интерполын ерөнхий чуулганы сүүлчийн өдөр уг арга хэмжээнд оролцогсдын доод тал нь гуравны хоёрын саналаар шинэ ерөнхийлөгч тодорч байгаа юм. Ким Жон Ян одоо өмнөх ерөнхийлөгч Мэн Хонвэйн дөрвөн жилийн сонгуульт хугацааг гүйцээж, 2020 он хүртэл ажиллана.