Гарчиг өгүүлбэрийг тайлбарлахаас өмнө бодит түүхээс сэдэвлэсэн “Backstabbing for beginners” буюу “Ар хударгаар нь…” киноны талаар товчхон өгүүлье. Кино бас бодит түүхээс сэдэвлэгдсэн гэдгийг дуулгая. Киноны гол баатар Дани гаралтай Францад өссөн Michael Soussan гэдэг залуу шударга төрийн албан хаагч болж, НҮБ-д ажиллах чин хүсэлтэй нэгэн.
Түүний мөрөөдөл биелж НҮБ-ээс Иракт хэрэгжүүлсэн олон тэрбум долларын төсөвтэй, “Газрын тосыг хүнсэнд” гэсэн нэртэй хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах хувь тохиожээ. Энэ хөтөлбөр НҮБ-ийн зүгээс Иракт газрын тосоо дэлхийн зах зээлд борлуулах зөвшөөрөл олгож, орлогоор нь хоол, хүнс, эм тариа болон бусад хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилготой хэрэгжиж эхэлдэг.
Харин киноны гол дүр Michael Soussan хөтөлбөрийн мөнгө зориулалтын бусаар ашиглагдаж байгаа болон үүнтэй холбоотой авилгал, хээл хахуулийн хэргийг илчилсэн байдаг. Одоо тэрээр Лос Анжелес хотод амьдарч зохиолч, нийтлэлч, илтгэгч, сэтгүүлч зэрэг маш олон ажлыг хийдэг аж. Миний анхаарлыг хамгийн ихээр татсан нь түүний нэрний өмнө “Шүгэлдэгч” (Whistleblower) гэсэн тодотгол өгсөн явдал байв.
“Шүгэл үлээх” нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл ашиглагддаг зүйл. Зарим олон улсын байгууллагууд дотооддоо “Шүгэл үлээх журам”-ыг батлан мөрддөг байх жишээтэй. Үүндээ байгууллагын бодлого журам, үзэл баримтлал зөрчигдөж байгаа үйлдлийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулж өгсөн байдаг.
Шүгэл үлээх зарчим бол эрүүл, аюулгүй нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, ёс суртахуун, хууль дүрмийг зөрчсөн үйлдлийг ил болгож, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй, зөрчлийг мэдээлж, алдаагаа засах тухай л ойлголт юм.
Монгол Улсад нийтийн мөнгөний хулгайн идээ бээр нэлээн сайн шахагдаж эхэллээ. Үүнийг ”мөсөн уулын орой” төдий зүйл гэж үзэгсэд байна. ЖДҮ-гээс зээл авсан улс төрчдийг “жимсхэн” хэмээн ч хочилж буй. Энэ бас үнэний талтай. Энэ идээ бээрийг нэг мөсөн шахах баримт яс юман дээр яг одоо олон зуун жирийн төрийн албан хаагчийн ширээний шургуулганд байж байгаа.
Тэд одоо энэ баримтуудаа яахаа мэдэхгүй хадгалж байна. Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд юу ч хийж болохгүй байгаадаа бачимдан, бэтгэрч яваа биз. Түүнийгээ дэлгэ төрийн албан хаагчдаа!
Манай улс чинь нэг хүнд ноогдох хуульч, эдийн засагчдын тоогоороо толгой цохьдог. Тэднийг бүгдийг нь бохир мөнгөөр тэжээгдэн амьдардаг гэж бодмооргүй байна. Мэргэжилтнүүд хамтраад, лообий бүлэг байгуулаад, сонгосон түшээдээ ятгаж сэнхрүүлээд явах ажлыг эхлүүлэх хүн тэдний дундаас олон гарна.
Michael Soussan-ийн кэйстэй ижил олон жишээг тал бүрээс нь гүнзгий судлаад гаргаад ирцгээе. Гол нь шүгэл үлээх тал дээр өнөөгийн хууль эрх зүйн ямар орчин яаж үйлчилж байна вэ. Үүнийгээ бас бодоцгооё. Шүгэл үлээх зарчмыг хуульчлах лообийг эхлүүлцгээе. Үүнийг Монголын нөхцөлд тохируулан хуульчлуулж чадсанаар мянга маянган Michael Soussan-ууд төрөх болно.
Ингэснээр бид худалч, хулгайч авилгач эрх баригчдаасаа салж чадах юм.
Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч, Санхүүгийн Хараат Бус Зөвлөх
Ц.Батбилэг