Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намаас Ерөнхийлөгчийн засаглалтай болох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Ер нь Монголчууд парламентын засаглалыг сонгодог хэлбэрээр нь ашиглаж чадаж байна уу?
-Ялгаж, салгаж ойлгох асуудал бий. Нэгд, Ерөнхийлөгчийн зүгээс Засаглалын хэлбэрийг өөрчилнө гэж хэлээгүй. Харин эргэн тойронд нь байгаа Тамгын газрын дарга гэх зэрэг хүмүүс зохион байгуулалттайгаар засаглалыг солих талаар ярьж байна. Энэ нь ардчилсан намтай, Ерөнхийлөгчтэй холбоотой юм шиг харагдаад байгаа юм. Ардчилсан нам 1992 оноос хойш хүний эрхийг маш үнэ цэнэтэйд тооцож, түүний төлөө явж ирсэн. Нөгөөтэйгээр маш олон үзүүлэлтээр иргэний үндсэн эрхийг хамгаалахад дотоод улс төрийг гаднын хүчтэй дарамт шахалтаас тэнцвэртэйгээр авч явах, өөрсдийн үндэстний эрх ашгийг буцааж гаргаж ирэх боломжийг парламентын засаглал олгож байгаа юм.
Ардчилсан нам бол парламентын засаглалаас ухрахгүй. Богд хаант Монгол Улс анх үүсээд л хааны дэргэд парламент буюу дээд, доод гэр байгуулаад хурал зохион байгуулаад явж байсан. Тэр үед Манж гүрний дараах Хятадын Бүгд найрамдах улс Монгол Улсын тусгаар тогтнолыг үл зөвшөөрөөд Монголыг автономоос татгалз гэж санал гаргахад ноёдууд бууж өгсөн. Харин тэр үед доод танхим буюу парламент үүний эсрэг зогссон цэргийн хүчээр тэр парламентыг тарааж байсан.
Түүхэн туршлагаас харахад парламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнолын гол баталгаа болдог. Гаднаас ирж байгаа хүчтэй нөлөөллийг дотоод улс төрөөр тарамдаж салгах байдлаар Үндэсний хэлэлцүүлэг өрнүүлэх, нөгөөтэйгээр өөрийн байр суурийг гаргах байдлаар, хэн нэгэн удирдагч эсвэл хэсэг бүлэг хүмүүс бид мэднэ гэхээс илүү тусгаар тогтнол өөрсдийн шийдвэрээ авч үлдэж чадаж байгаа юм.
Мөн парламентын засаглал манай дотоод улс төрийг эрүүл байлгахад хүчтэй нөлөө үзүүлдэг. Мэдээж хэрэг алдаа дутагдал зөндөө байгаа. Энэ нь хувь улс төрчдийн ёс зүйтэй холбоотойгоос биш парламентын засаглалтай хамааралгүй зүйл.
Ерөнхийлөгч хаан шиг авирлаж Засгийн газраар хүссэнээ хийлгэж, хүссэнээ авч байна, гүйцэтгэх эрх мэдлээс сарвуугаа татах ёстой
-Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Монгол Улс парламентын засаглалтай мөртлөө сүүлийн гурван Ерөнхийлөгч бараг хаан шиг авирлаж байна. Парламентын засаглалтай, хагас эрхтэй Ерөнхийлөгч хүссэнээ Засгийн газраар хийлгэж, хүссэнээ авч чадаж байна. Ийм хэмжээний Ерөнхийлөгчийн институц үүнээс хэд дахин илүү эрх мэдэлтэй болохоор Монгол Улсад юугаар ч хязгаарлагдахгүй хувь хүний засаглал бүрэн тогтох боломжтой болно. Монголчууд хүсэхгүй байсан ч гаднаас тоглоомын хаан тогтоох маягаар өөрийнхөө үгийн дагуу хөдөлгөж чадах хэмжээний хүч нөлөө гадна бодитойгоор оршиж байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол тэр хүн Монголын төлөө гэхээс илүү тоглоомын байдлаар биднийг удирдаж байгаа гаднын улсын төлөө ажиллаж эхэлнэ. Социализмын үед байсан манай удирдлага яг л тийм байсан. Тэр түүх буцаад давтагдана гэсэн үг.
-Үндсэн хууль өөрчлөхөөр яригдаж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх зөв цаг нь мөн үү?
-Үндсэн хуулиар засаглалыг өөрчлөхөөс илүү бид гурван зүйлд анхаарах ёстой. Нэгд, Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл хэнд, хаана байна гэдэгт хариу өгөх ёстой. Үнэхээр Ерөнхий сайд өөрийн танхимыг бүрдүүлээд гүйцэтгэх эрх мэдлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж Монголын өдөр тутмын амьдралыг урагш татаж байна уу, тийм хэмжээний эрх мэдэл байна уу гэдэгт хариу өгөх ёстой. Оросын нэг үлгэр байдаг даа.
Гурван амьтан нэг нь ус руу, нэг нь тэнгэр үү, нөгөөх нь газар руу чирээд явдагтай адилхан Монгол Улсын хөгжлийн гарц боломжийг Ергөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван хүн л гурван тийш татаад байгаа юм. Нэг зүг рүү хөдлөх ёстой. Нэг зүгрүү хөдөлгөх гол хүч нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр гүйцэтгэх эрх мэдлээс сарвуугаа татах ёстой. Ерөнхий сайдын эрх мэдлийг бүрэн олгох ёстой.
Хоёрт, нэгэнт хүчтэй Ерөнхий сайдын тухай ярьж байгаа, гүйцэтгэх эрх мэдлийг өдөр тутам үйл ажиллагаа маш хурдтай хангадаг кабинетын зарчмыг ярьж байгаа бол Засгийн газрын хууль бус үйлдлүүдийг ил тод болгодог, ард түмний хяналтад оруулж ирдэг, асуудлыг хуулийн хэрэгжилтээрээ хянаад, хариуцлага тооцох үгүйг шийддэг эрх парламентад байх ёстой. Парламент гүйцэтгэх эрх мэдэл рүү гүйж ороод мөнгө завшихаас илүүтэйгээр Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ УИХ-ын өмнө бүрэн дүүрэн хянах , хүлээх ёстой.
Гуравт, УИХ, Засгийн газрын маргаан зарим талаараа аль нь зөв бэ гэдэг асуудал хөндөгдөхөд Үндсэн хуулийн Цэц шүүхийн хэмжээтэй бүрэн эрхээ олж авах ёстой.
-Засгийн газар огцорч магадгүй нөхцөлд байгаа. Энэ тухайд?
-Олон нийтийн итгэлийг алдаад, авлигын асуудлуудаа шийдэж чадахгүй бол огцрохоос өөр аргагүй. Энэ улс оронд уул нь бодлого ярьж, зөв зарчим сануулж, ажил урагшлуулж, хөгжил авчирдаг нь олон байх ёстой. Одоо ч хулгай ярихаас өөр сэдэвгүй болж байна даа. ЖДҮХС-гаас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан тэр хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай. Энэ бол гэмт хэрэг. Гэмт хэрэгтэй яаж тэмцдэг юэ тэр аргаар л тэмцэх ёстой. Ёс зүйн хариуцлага, уучлалт нуйх талаар ярих нь зохимжгүй юм.
С.ЦЭРЭНДЭЖИД
ITOIM.MN
2 comments
Ene neg yos zuigui hulgaich etgeed yu shinshleed daliij orj ireed baina aa
Huuliin shinechleliig joohon gajuuduulsnaas bus odoo zuv l yarij baina