УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл бүхэлдээ Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн сэдэвт зориулагдсан байгаа. Тухайлбал:
38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
38.2. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал өргөн баригдаад хоёр хонож байна. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэх учиртай.
МАН-ын бүлэг дотроо 32:33 болж хуваагдсан байгаа. Б.Гантулга муу дуулианд орооцолдон УИХ-ын гишүүнээс огцорсноор У.Хүрэлсүхийн тал болох 33-ын бүлэг 32 гишүүнээр тоологдож байгаа юм. Гэхдээ энэ 32-ын бүлэг одоо бүтэн байгаа эсэх нь тунчиг эргэлзээтэй байна.
УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр хувь хүний байр сууриа илэрхийлэх тун дургүй. Болж өгвөл хэвлэлийнхнээс зугтаж байгаа. Энэ нь улс төрийн нөхцөл байдал, намын дотоод зөрчил хаашаа эргэх вэ гэдгийг харзнаж байгаатай холбоотой юм байна. Шулуухан хэлэхэд, эдгээр байр суурь нь тодорхойгүй гишүүд М.Энхболдын баг дийлж эхэлбэл тийшээ, У.Хүрэлсүхийн фракц илүүрхвэл ийшээ нүүнэ гэсэн бодолтой. Элсний нүүдэл маягтай болчихоод байгаа сурагтай.
Энэ өдрүүд У.Хүрэлсүхэд тун халгаатай өнгөрч байна. Парламентын засаглалтай улс орны хувьд хуулийн хүрээнд асуудлыг шийдэх нь тодорхой. Хуулийн машин ажиллаад эхэлсэн тул Ерөнхий сайд одоо амаа барьж байгаа болов уу.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын индэр дээрээс “Би УИХ-д хариуцлага тооцно” гэж мэдэгдээд байсан юм. Түүний энэ үгэнд намынх нь гишүүд Та хэдийгээр Ерөнхий сайд мөн ч гэсэн парламентын засаглалтай орны УИХ-д хариуцлага тооцохгүй. Харин ч эсрэгээр Ерөнхий сайдыг томилдог УИХ Танд хариуцлага тооцох эрхтэй хэмээж байсан.
Ингээд ацан шалаанд оруулчихаар нь У.Хүрэлсүх “Би Ерөнхий сайдын хувьд биш. Би намын даргын хувьд УИХ-д хариуцлага тооцно” гэсэн. Нам бол зүгээр л нэг ТББ. Гэтэл улс төрийн нам гэсэн тодорхойлолттой төрийн бус байгууллагын дарга УИХ-д хариуцлага тооцно гээд сууж байв. Нам төр хоёроо ялгаж мэддэггүй Ерөнхий сайд одоо ялгааг нь нэлээн сайн олж харсан байх. Танхимыг нь огцруулах санал гаргаснаас хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Я.ХУЛАН
2 comments
Ийм наад захын мэдлэггүй хүнд эрх мэдэл өгч болохгүй гэдгийг МАН болоод бусад намууд ойлгооч ээ. ХҮҮК бол зүгээр л цэргийн ангийн хашаан дотор мэдээллийн самбар маллаад байж байх төдий боловсролтой амьтаныг хэтэрхий өргөмжилж өөрийг нь ч аллаа улс орныг ч баллаад хаялаа МАН ынхан
MaL baisan Ch hamaagui er. EKH oron ard tumniihee toloo mailj baiwal demjine