Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа. Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг эцэслэн шийднэ. Ирэх оны төсвийг хэлэлцэж байхад л Ерөнхийлөгч аж үйлдвэрийн комбинатуудыг хөгжүүлэхэд санхүүжилт тусгах санал тавьж байсан ч энэ чиглэлд нэг ч төгрөг төсөвлөөгүй. “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа багтаан батлаад, Ерөнхийлөгч хориг тавьсны дараа УИХ хоригийг хүлээж авах тохиролцоонд хүрсэн.
Харамсалтай нь МАН-ын бүлэг тохиролцооноосоо буцчихлаа” гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүгээр ч зогсохгүй УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гишүүдийн тойрогт суулгасан найман тэрбум төгрөгийн 10 хувийг авна гэсэн тохироо хийсэн гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнийхэн дунд өрнөсөн юм. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. 64 суудалтай МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн учраас нэгдсэн чуулганаар ч хүлээж авахгүй байх магадлалтай.
Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсөв задарч анхны хэлэлцүүлгээс эхлэн хэлэлцэнэ. Ерөнхийлөгч хоригтоо “Хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна” хэмээн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг дурдсан юм. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал гишүүдийн тойрогт хуваарилсан санхүүжилтээс танаж, 500 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг суулгана. Ингэж л Ерөнхийлөгчийн саналын дагуу аж үйлдвэрийн комбинатуудыг хөгжүүлэхэд санхүүжилт гаргахгүй бол төсөвт өөр эх үүсвэр байхгүй.
Эх сурвалж: Itoim.mn
1 comment
Battulga bol shantaajaar ami zuugch l daa. Hulgai, hudlaa nuuh gej dandaa hun shantaajildog yum. Yamar suudald ochlooch ene muuhai shantaajchin zan ni nimgerne gej baidaggui ee.Ulam l arga meh ni togo;ldorjood tor zasgiig,ih hurliig hurtel shantaachilchih yum daa