Жавар тачигнаж, хүйчтний эрч чангарсан амралтын нэгэн өдөр хүүхэд залуусын халуун дулаан инээд цалгисан, хөл хөдөлгөөн дүүрэн нэгэн үйл явдал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн /МГТИС/ хотхонд болж өндөрлөлөө.
Энэ өдөр тус их сургуулийнхан “Хаалга” нээлттэй өдөрлөгөө дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд гээд 300 гаруй хүнд зориулан хийсэн юм. Мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн сурагчид, залуустаа зориулан жил бүрийн хавар, намрын улиралд уг өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.
Ирээдүйд ямар хүн болон мэргэшин, төлөвшиж амьдралынхаа замыг сонгох шийдвэрлэх мөчид ирээд буй ахлах ангийн сурагчдад энэхүү өдөрлөг өргөн дэлгэр мэдээлэл өгч, ялангуяа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхдүүдэд лабораторийн туршилт судалгаануудыг танилцуулсан маш үр дүнтэй арга хэмжээ болсон гэж ахлах ангийн багш нар ярьж байлаа.
Тус их сургуулийн захирал Др. Н.Дорждэрэм, Сургалт хариуцсан дэд захирал Проф. Б.Батцэнгэл, Физикийн профессор Проф. Н.Баттулга нар танилцуулга хичээлийг хийж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Түүнчлэн Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Үйлдвэрлэлийн эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн үндсэн хөтөлбөр болон Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент магистрын хөтөлбөрийн талаарх мэдээллийг сурагчдад толилууллаа. Мөн Материал судлал, Сонирхолтой физик, Сонирхолтой химийн хичээлийг туршилтын лабораториудад хийж, багш Жон Никсон Англи хэлний богино сургалтыг Агаарын бохирдлын асуудалтай холбон явуулсан нь хүүхдүүдийн анхаарал, сонирхлыг ихээхэн татаж байсан юм.
Оролцогч хүүхдүүд сургуулийн анги танхим, факультет, лаборатори, номын сан, фитнессийн танхим, кофе булан болон дотуур байраар аялж, МГТИС-ийн Оюутны зөвлөл, сайн дурын 10 гаруй клубийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус их сургууль нь Монгол, Герман хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачилгаар 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. ХБНГУ-ын их, дээд сургуулиуд болон олон улсын боловсролын хэд хэдэн байгууллага, аж үйлдвэр, уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуусаа олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог ажээ. Оюутан суралцагчид нь аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, шинжлэх ухааны судалгааны төслүүдэд гар бие оролцох, Германы зарим их, дээд сургуульд суралцах боломж өндөр байдгаараа энэ сургууль олон давуу талтай.
Дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломжийг залуустаа олгож буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь цаашид “Хаалга” нээлттэй өдөрлөгөө ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд, магистрын хөтөлбөр сонирхогчдод зориулан тогтмол зохион байгуулж байх юм.
Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gmit.edu.mn вэб, https://www.facebook.com/gmit.edu/ пэйж хуудас болон 70232090 утсаар лавлана уу.