Сингапурын бизнес эрхлэгч Жак Сим нь 1998 онд ариун цэврийн байгууламжийн стандартыг тогтоох зорилгоор “Сингапурын Ариун Цэврийн Өрөөний Холбоо”-г үүсгэн байгуулсан бөгөөд улс орнуудын ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулахаар 2001 оны 11 сарын 19-нд ашгийн бус “Дэлхийн Жорлонгийн Байгууллага”-ыг бүртгүүлжээ.
Түүнээс хойш 12 жилийн дараа буюу 2013 онд боломжит шийдлүүдийг бий болгож бүх нийтийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор НҮБ-аас жил бүрийн 11 сарын 19-нийг албан ёсоор “Дэлхийн Жорлонгийн Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ жил тус өдрийг хүрээлэн буй экосистемдээ зохицсон ариун цэврийн байгууламж, ариутгах татуургын системтэй болох шаардлагыг онцолж “Байгаль эх дуудаж байна” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Өнөөдөр дэлхий даяар 4.5 тэрбум хүн баталгаат ариун цэврийн байгууламжгүй, түүний дотор 892 сая хүн ил задгай бие засч, 1.8 сая хүн нянгаар бохирдсон ундны ус ашиглаж, 900 сая хүүхэд сургуулийн орчинд гараа угаах боломжгүй байгаа нь олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн, нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөлийг бий болгож байна. Түүнээс гадна дэлхий даяар таван сургууль тутмын нэг нь ямар нэгэн ариун цэврийн байгууламжгүй байгаа нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилгод 2030 он гэхэд хүн бүрийг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангаж, ил задгай бие засах явдлыг зогсоохоор тодорхойлсон бөгөөд энэ зорилгодоо хүрч чадахгүй бол Тогтвортой Хөгжлийн бусад 16 зорилгын хэрэгжилтэд эрсдэл учирна.
Эх сурвалж: Дэлхийн Жорлонгийн Өдрийн цахим хуудас,