Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29-30-нд орон даяар эхэлнэ.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай тогтоолын төслийг баталсан юм.
Асуулгыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр (2017.04.12) мэдээлэл хийлээ. Зөвлөлдөх зөвлөл найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргаар нь Д.Ламжав, Н.Жанцанноров нар ажиллахаар болжээ. Санал асуулга хоёр үе шаттай бөгөөд эхний асуулга орон даяар 17:00 цагт эхэлнэ. Үндэсний статистикийн хорооноос 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт санамсаргүй түүврийн аргаар насанд хүрсэн 1570 хүнийг сонгож авчээ. Харин хоёрдугаар үе шатанд эдгээр хүнээс 50 хувийг түүврийн аргаар сонгож, Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт оролцуулах юм байна. Анхдугаар санал асуулгад нийгмийн бүх давхаргийг төлөөлсөн иргэдийг оролцуулж байгаа юм.