Аав ээжүүд бяцхан үрсээ цэцэрлэг, сургууль дээрээ өдөрт ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгааг мэдэхийг хүсдэг. Учир нь хүүхэд хоногт идэх хоолныхоо 75-80 хувийг цэцэрлэгт, үлдсэн эрдэс бодис, шим тэжээлийг гэрийнхээ хоолноос авч байдаг. Тэгвэл Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн IX хороонд орших “Азийн хүүхдүүд” цэцэрлэг “Хоолны өдөрлөг”-өө /2018.11.16/ зохиож, эцэг эхчүүдийн дунд хоолны амталгааг явуулсан юм.
Хувийн гэх тодотголтой тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартад жишиг болохуйц сургалтын хөтөлбөр орчинг бүрдүүлж, 180 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар өдгөө үйл ажиллагаагаа явуулж байна.
Ингээд хоолны амталгааны талаар эцэг эхийн сэтгэгдэлээс хуваалцья:
-“Манай хүүхдийг Хүслэн гэдэг. “Азийн хүүхдүүд” цэцэрлэгт гурав дэх жилдээ явж байна. Хүүхдээ өдөрт цэцэрлэг дээрээ юу идэж ууж байгааг мэдэж авлаа. Маш олон нэр төрлийн амин дэмтэй хоол хүнс, зутанг бэлдэж өгдөгт талархаж байна. Бүхий л төрлөөс нь амталгаа хийлээ. Давс хужир нь таарсан илчлэг сайтай хоол их байна. Хүүхдээ энэ цэцэрлэгт өгснөөр сэтгэл ханамж 100 хувь явдаг. Яагаад гэвэл өдөрт ажил дээрээ хүүхэддээ санаа зовох шаардлага байдаггүй.
Ээж н.Батхишиг “Манай хүүхэд энэ цэцэрлэгт гурав дэх жилдээ явж байна. Анх орж байхдаа махан хоол идэж чаддаггүй хүүхэд байсан. Одоо хоолондоо сайн болж мах сайн иддэг болсон. Цагийн хуваарийн дагуу хооллодог болохоор цэцэрлэгтээ орохоор мяраалдаг. Мөн “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн давуу тал нь цэвэрхэн, тохилог, дулаахан болохоор их зүгээр санагддаг. Дараагийн хүүхдээ ирэх намар өгөх талаараа яриад л явж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн ахлах тогооч н.Эрдэнэ ”Миний хувьд нийтийн хоолны салбарт 12 жил ажилласан. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Хоолны өдөрлөг маань жил болгон уламжлал болгон явагддаг. Энэ удаа 10 дахь жилдээ зохиогдож байна. Манайх өмнөх жилд хийсэн хоолоо дараагийн жил нь давтдаггүй. Өөрөөр хэлбэл байнга шинэ төрлөөр баяжуулж хийдгээрээ илүү онцлог.
Кекс гэхэд дотроо таван нэр төрлөөр хийгддэг. Өнөөдрийн хоолны өдөрлөгт зориулж гурван нэр төрлөөр бэлдсэн байгаа. Энэ удаагийн хоолны өдөрлөгт шинэчлэгдсэн боорцог нэлээд бий. Тухайлбал, жимст, цэцэгт боорцог нь хүүхдийн гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулдаг. Миний хийсэн хоолны илчлэг 1800-2000 ккал байдаг. Үүнээс давах тохиолдол бий. Үүнийг бас тохируулж өгөх хэрэгтэй. Хоолныхоо илчлэгийг маш сайн тооцож өгдөг. Хэт ихдэх юм бол таргалалт үүснэ. Харин илчлэг багатай болчихвол хүүхэд турдаг. Орой ажлаа тараад хүүхэд нэг бүрт ногдох илчлэг тэжээлийг бодож тооцож гаргаж тэмдэглэж авдаг” тухайгаа хэлж байсан юм.
Хоолны амталгаа явагдаж байна