Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илрэв. Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 05-50 УВА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан. Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 13-83 УВА улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байв.