УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн гомдлын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон хөрөнгийн зарцуулалттай холбоотой хэргийг шалгах ажил үргэлжилж байна.
Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ шалгалтын хүрээнд тайланд тусгасан 18 зээлийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон хөрөнгийг зарцуулах явцад холбогдох албан тушаалтнуудаас албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 26.2 болон 264 дүгээр зүйлийн 264.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хэргийг цогцоор нь нэг дор шүүхэд өгч шийдвэрлүүлэх боломжгүй аж. Учир нь тус тусдаа олон төсөл хөтөлбөрүүдийг тус тусад нь эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулах, аудит хийлгэх шаардлагатай тул хэрэг удааширч байгаа гэсэн тайлбарыг Нийслэлийн прокуророос өгч байна. Гэхдээ шинэ хуульд нийцүүлэн нотлогдож, тогтоогдсон хэмжээнд нь зарим хэргийг тусгаарлан шүүхэд өгч шийдвэрлүүлж байгаа юм байна.
Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2013-2016 оны хооронд арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаажээ. Одоо хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2012-2014 оны хооронд ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр “”Чингис” бондын хүү бол өр биш” гэж хэлээд нэлээд туйлсан гэлцдэг. Түүнийг АТГ-аас “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2016 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс шалгаж эхэлсэн бөгөөд 21-ний өдөр Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан аж. нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон ч батлан даалтад гарсан. Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. “Фортуна” Н.Батбаяр бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.
2018 оны хоёрдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, “Фортуна” Н.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж, дахин Хорих 461-р ангид саатуулж, улмаар тэднийг батлан даалтаар болон эрүүл мэндийн байдлын улмаас гаргасан. Н.Батбаяр нь 2010 онд зүрхний титэм судасны нарийсал 95 хувь гэсэн оноштойгоор Сингапур улсад хагалгаанд орсон гэдэг учраас тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ийнхүү суллагддаг байна.
“Хөгжлийн банк”-ныхны хууль бусаар зарцуулсан мөнгө хэдэн арван саяар бус хэдэн их наядаар хэмжигдэж байгаа нь хэргийг шалгах явц удааширч буйн шалтгаан болж байх шиг байна.
Энэ мэтчилэн “Хөгжлийн банк’’-ны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайланд тусгагдсан бусад санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Удахгүй зарим нотлогдож, тогтоогдсон үйлдлүүдийг тусгаарлан шүүхэд өгч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна.