Ж.Мөнхбат: Улс төрийн хариуцлага эзнээ олсонгүй, нисдэггүй бор морийг идчихсэн

Эрх баригч МАН-ын зөрчил туйлдаа хүрч, Засгийн газрын тэргүүн хэд хэдэн албан тушаалтныг огцруулна хэмээн мэдэгдсэн. Эхний хүн УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа ажлаа өгөөд байгаа. Зөрүүлээд огцорсон дарга Засгийн газрыг огруулах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн. Гарын үсэг зурсан гишүүдийн тоо 27 хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг 32:32-ийн харьцаатай. М.Энхболд, У.Хүрэлсүх нар 50:50 хувиа халааслаад сууж байгаа. М.Энхболдыг дэмжигч 32 гишүүн дээр 2020 оны УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой болсон гэж үзэж байгаа АН-ын 9 гишүүн, О.Баасанхүү, А.Жавхлан нарын гишүүд Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа гэсэн үг юм.

Сүүлийн хоёр өдөр гудамжинд гарч иртэлээ хурцадсан МАН-ын хэрүүл ажин түжин байна. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн үед эв эе, нэгдмэл байдлыг ярих болсонтой холбоотой гэнэ. УИХ-ын гишүүд Засгийн газартай хариуцлагын, ёс суртахууны шаардлагыг хангахгүй байна гэдэг асуудал Төрийн ордонд ч, нийгэмд ч яригдаж байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурал,  бүлгийн хурал дээр ч тэр эв эеэ хичээе, учир зүйгээ ололцъё гэдэг асуудлыг олон гишүүд ярих болжээ.

Энэ талаар өнөөдөр (2018.11.16) УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэвлэл мэдээлэлд ам нээсэн байна. Gogo мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа тэр:

МАН-ын Удирдах зөвлөлөөр Д.Хаянхярваа, С.Батболд нар хариуцлага тооцох үндэслэл нь буруу. Ард түмний бухимдал, уур хилэнгийн гал асч байна. Засгийн газарт байгаа энэ асуудалтай холбогдсон сайдууддаа хариуцлага тооц, улс төрийн нам тэр дундаа эрх барьж буй нам бол  энэ асуудалд холбогдсон хүмүүстээ улс төрийн хариуцлага тооц гэсэн шаардлагыг бүлгийн гишүүдийн зүгээс тавьсан.

Харамсалтай нь манай намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр тооцсон улс төрийн хариуцлага байгаа, эзнээ олсонгүй. Үлгэрт гардаг шиг Болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд ир гэсэн чинь нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг юм болж байна.

Нийгмийн жинхэнэ хүсээд байгаа шударга ёс, жирийн иргэдийн боломжийн урдуур орсон, зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээний асуудалд мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хотын даргыг огцруулж байна. Гэтэл Ерөнхий сайд есөн хөлт цагаан тугны өмнө зогсож байгаад 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаа маш сайн хийсэн гээд тогтоол гарган Засгийн газрын хүндэт жуухаар шагнасан. Гэтэл огцруулах үндэслэл нь 2016-2018 онд ажлаа маш муу хийсэн гэж тогтоол гаргасан байгаа юм.

Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон сайд нар, намын удирдлагын түвшний хүмүүст хариуцлага тооцох шаардлага тавьсан шүү дээ. Гэтэл шаардлага тавиад явж байгаа хүнээ огцруулж байгаа юм.

Бүлгийн хуралдаанаар нэг яригдсан зүйл бол намын эв нэгдлийг хагалсан гэх үндэслэл. Гэтэл МАН-ын бүлэг Д.Хаянхярваагаас болж хагаралдаагүй шүү дээ. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед гарын үсэг зурна, зурахгүй гэсэн зүйлээр хуваагдсан. Түүхэндээ манай нам анх удаа намаасаа нэр дэвшсэн Ерөнхий сайдаа томилоход бүлгийн 65 гишүүний 32 нь чуулганы хуралдаанд орж ирээгүй шүү дээ. Үүнээс л үүдсэн хагарал. Гэх мэтчилэн ийм зүйлүүдийг ярьсан.

Их цэвэрлэгээ эхэллээ, сэлмээрээ цавчиж эхэллээ гэж гадуур ярьж байна лээ. Тэгвэл энэ цавчилт эзнээ олсонгүй гэж бодож байна” гэсэн юм.

МАН-ын бүлгийн даргыг огцруулах асуудалд санал хураахад санал тэнцсэн. Тиймээс дахин санал хураана гэдэг үндэслэлээр санал хураагаад огцруулах шийдвэр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд улс төрийн намын бүлэг гэдэг нь УИХ-ын албан ёсны бүтцэд байдаг. УИХ-ын дэгийн тухай хуулиар чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд хэлэлцэж буй асуудалд санал тэнцэх юм бол дэмжигдээгүй, унасанд тооцдог.

Гэтэл бүлгийн даргыг огцруулах асуудалд санал тэнцэж, дэмжигдээгүй. Харамсалтай нь хуралдаан даргалагч Я.Содбаатар сайд зүтгүүлсээр байгаад дахин санал хурааж, бүлгийн даргыг огцруулж байх жишээтэй. Бүлгийн гишүүд эв эеэ хичээе гэж ярьсан гэтэл хүч түрсэн байдалтай шийдвэр гарсан. Үүний дараа гишүүд нэлээн бухимдсан.

Алдаа гаргасан, хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа нь хариуцлага, хууль дээдлэх, авлигаас ангид байна гэсэн амлалтдаа хүрэхгүй юм байна гэж бухимдсан учраас бүлгийн гишүүдийн тэн хагас нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэсэн байр сууриа илэрхийлсэн гэсэн байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн