Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистик мэдээллээр 28 төрлийн 69663 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улаанбурхан, энтеровирүс, салхин цэцэг, цусан суулга, гахайн хавдар зэрэг халдварт өвчний тохиолдол нэмэгджээ. Мөн сүрьеэ өвчний 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 5.8 хувийг эзэлж 2015 онтой харьцуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан аж. Гэсэн ч дээрхи үзүүлэлтээр манай улс бүс нутгийн орнуудын дунд өндөр тархалттай орны тоонд багтсаар байна.

Түүнчлэн хүн амын дунд хепатитийн С вирүст халдварын тархалт 10 хувь, В вирүсийн халдварын тархалт 11.8 хувь байгаа бол ХДХВ-ийн халдварын тархалт 0.1 хувиас бага байгаа аж. Хэдийгээр энэ үзүүлэлтээр тархалт багатай орны тоонд орж байгаа боловч өнөөдрийн байдлаар уг өвчний халдварын 229 тохиолдол бүртгэгдэж, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтаж байна. Өвчлөл 20-30  насны залуучуудын дунд өндөр байгаа нь тэдний дунд энэ өвчний талаарх мэдлэг ойлголт бага, сургалт, сурталчилгаа тааруу байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж.

Хүн амын дунд халдварт бус өвчин тэр дундаа зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний тархалтыг бууруулах зорилго тусгагдсан бөгөөд энэхүү үзүүлэлтээр манай орон бүсийн орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Иймд эдгээр өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээг боловсронгуй болгох, хүн амд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг төлөвшүүлэх үйл ажлыг орон нутаг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах нь үр дүнтэй гэж Эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа юм .

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн