УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар өөрийн албан баланкин дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэрбээр Засгийн газрыг ЖДҮХС-гаас зээл авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа учир огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Харин түүний уг саналыг дэмжиж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гишүүд байр сууриа ийн илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газрын зарим сайд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэлдэхүүн нь зөв шударга ажиллаж чадаж байна уу гэдэг нь өөрөө бүрэн эргэлзээтэй болно. Засгийн газрыг огцруулах бичигт би шударга, зарчим талаасаа гарын үсгээ зурах л байх.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төр засагт авлига, аллага, хулгай нүүрлэчихлээ. Тиймээс нэг тийшээ болгож, Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам удаа дараа илэрхийлсэн. Сүүлийн үед болж байгаа эрх баригчдын асуудал хямралын цэгтээ хүрэхээс нь өмнө байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгаа. Ээжлит бус чуулган хуралдуулах тухай 60 тэрбумын асуудлаар тавьсан шаардлага хүртэл өнөөдөр хүчинтэй хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Шударга ёсны хариуцлагын систем байгаа олохгүй явчихлаа. Ерөнхий сайд бол хариуцлага алдсан сайд нартайгаа, ЖДҮХС-гийн мөнгийг идсэн гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй юм байна. Тиймээс энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууриа бүлгийн хурал дээр илэрхийлсэн.