Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.14) хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцэж, мөн Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнийг танилцууллаа. Эдгээр асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ХЭҮК-д болон нэр дэвшигчид хандан үг хэлэв. Ингэхдээ тэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг хөндөж ярьсан юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Арай ядан байж нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн хэрэг дээр хачин юм болсон шд. Би хоёрхныг нь хэлье. Нэгд, энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр нууц албаны ажилтныг оруулсан. Амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан ийм хүн Дээд шүүхэд бүртгүүлэнгүүт өмгөөлөгчийн эрх аваад, хамаа намаагүй хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Ингэж энэ өмгөөлөх эрх гэдэг юм байхгүй болсон. Хоёрт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Арван сар энэ хүнийг холбогдуулж хорисон, сүүлд нь хэрэгсэхгүй болгосон, шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн атлаа Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон.
Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн чинь биш ээ гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулалгүй хэргийг тасалсан. Сүүлд нь энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат гэдэг ерөнхий прокурорын орлогч “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэж хэлсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм аа. Хүн алсан зүйлээрээ явдаг юм.
Хууль зүйн ийм мэдлэгтэй прокурор энэ хэргийг удирдаж, завхруулж, яллаж Дээд шүүхэд прокурорыг төлөөлж ийм юм хийсэн. Би дандаа баримттай юм ярьж байна шүү. Энэ хэргийн шалгалтын явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад хүн аргуудыг хэрэглэсэн. Чангын чангад хоригдож байсан хоригдолд утас олж өгч, утсаар бүтэн хоёр жил мессэж бичүүлсэн. Эндээс тусгай албаны ажилтныг Эрдэнэтэд аваачиж нэг хүн баривчлахын тулд тэр хүнтэй дэлгүүрийн гадаа зодоон хийлгэж хэрэг үүсгэсэн. Нэг эмэгтэйг барьж авахын тулд эмнэлэгт хэвтэж байхад нь айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх гэж хашаанд нь хүний хүүр хүртэл аваачиж хаясан. Ийм нөхцөлд энэ хэрэг таслагдсан. Энэ балиар юмаа одоо Дээд шүүх авч үзэх хэрэгтэй.
Одоо энэ хэргийн талаар үнэнийг хэлсэн хүн болгоныг хоргоож, айлган сүрдүүлж хэрэг нээлгэх захиалга өгөх ажиллагаа хийгдэж байгаа. Тэр байтугай Амгаланбаатар гэдэг хоригдол хүн алсан хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчийг энэ хэрэгт холбогдуулах гэж Тагнуул дээр аваачиж хоргоосон шүү.
Хүний эрхийн асуудал дээр санаа зовоосон зүйлс их болж байна. Ялангуяа гэмт хэрэг хийгээгүй хүмүүс хэлмэгдэж байгаа бол үүн дээр энэ нийгэмд чадан ядан үнэн мэдээллийг хүргэж байх шаардлага улам бүр нэмэгдэж байна гэж би харж байна. Харамсалтай байна, өмгөөллийн байгууллагыг татан буулгасан. Өмгөөллийн хуулийг удахгүй өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
Би анх удаа С.Зориг агсны хэргийн асуудлаар яриад байгаа юм биш. Энэ асуудлыг шийдсэн асар их булхайн талаар ХЭҮК ер дуугарахгүй байна. Би гайхаад байгаа юм. Нууц гэдгээр л бас айлгачихсан юм шиг байгаа юм. Энэ бол Монголд 1937 он амилж, хуулийнхан хүсвэл хэнийг ч хэлмэгдүүлж болдог, хэлмэгдүүлсэнээ хэргийг нууцын зэрэгт оруулах байдлаар хаадаг, захиалгаар хэрэг шийдвэрлэдэг болсон юм л харагдаад байгаа юм даа. Гүйцэтгэх ажилтныг маргааш нь өмгөөлөгч болгоод шүүх хуралд оролцуулдаг. Энэ чиглэлээр л ХЭҮК цаашид дуугарч байгаасай гэж хэлэх байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдрийн хуулин дотор байгаа ХЭҮК-ыг буруутгах арга алга. Байгаа ажил нь л цаас үйлдвэрлэх ажил юм чинь. Цаана нь бол аймшигтай хүний эрхийн зөрчил, хүний эрхийг уландаа гишгэсэн тогтолцоо амь бөхтэй байсаар л байгаа. Үндсэн хуулинд заасан эрхээ хэрэгжүүлье гэхээр яг л Хүний эрхийн комиссын шүдгүй арслан тавьчихсан. Арслан ч биш дээ, бамбарууш ч юм уу. Бусад орнуудын Хүний эрхийн манаач байгууллагуудаасаа бусад албан тушаалтнууд, хуулийнхан нь яаж айж чичирдэг вэ гэдгийг хараарай. Өнөөдөр манайд Хууль зүйн сайд ярьж байна шд. Гэрч нь энэ гурван хүн биш ээ гээд гэрчлээд байхад гурван шатны шүүхээр яллаад хийчихсэн байгаа. Тэгээд ХЭҮК руу ороод асуухаар энэ асуудал руу орж болохгүй байна гэдэг. Энэ бол олон улсын анхааралд орсон хүний эрхийн зөрчил. Бид парламент дотор бүх арга хэлбэрийг үзсэн. Бүгд мухардаад тэр хэрэгтэй хэн ч танилцах бололцоогүй байгаад байна. Одоо эцсийн шатанд Түр хорооны түвшинд асуудлыг шийднэ. Энэ тал дээр ХЭҮК цаашдаа бидэнд туслаж ажиллаасай. Хууль гэдэг агуу эрх мэдлийг хүний эрхийн эсрэг ашигласан хэргийг ХЭҮК дээр шалгадаг болох хэрэгтэй. Тэд тусгай өөрсдийн дэгээр шалгадаг болохгүй бол “шүдгүй бамбарууш” хэвээрээ л байх болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зоригийн амь насны хэргийг илрүүлэх явцад Г.Эрдэнэбат гэдэг их сургуулийн багшаар тоглоод дууссан. Тэр залууг прокурорын орлогчоор тавьж байгаад мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрхийг нь өгч байгаад С.Зоригийг хөнөөсөн хэргийг худлаа хуурамчаар илрүүлсэн болж тэр прокурорын амьдрал, ирээдүйгээр тоглоод дууссан шүү. С.Соёмбо-Эрдэнэ ээ, одоо таны амьдралаар наад мафи чинь тоглоно шүү. Болгоомжтой байгаарай. Шүүх дээр байгаа мафийн эсрэг тэмцэх гэж томилогдож очиж байна гэдгээ ойлгоорой. Амжилт хүсье.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Манай байнгын хороон дээр “арай ч дээ” гэмээр гомдол их ирдэг. Хэрэв үнэн бол гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан байхад дахин гомдол гаргаад шинэ хэрэг үүсгэсэн тухай юм байна. Гол нь захиалгатай хэрэг хүлээлгэх хандлага улстөрчдийн дунд газар аваад дууслаа. Ер нь улстөрийн зорилгоор хэн нэгнийг “намнах”, үнэгүйдүүлэх зүйл байлгахгүйн төлөө ажиллах ёстой. Шүүгчийнхээ тангарагт үнэнч байгаарай гэж хэлмээр байна.
2 comments
Эх орноо ард түмнээ элдэв дайралтаас хамгаалах ТЕГ-ынхан одоо энэ жүжгээ төгсөг. Шударга эр байвал булхайгаа эх орон ард түмнийхээ төлөө дэлгэ.Хэрэг хэзээч хуучрахгүй эцэст нь үнэн нь олддог.Отгонбаяр гэгч аюултай прокурор яалаа.Одоо түмний хараал идэж б.на шүү дээ. Үр хүүхэд нь ямар их ичиж зовдог болоо.
Цорын ганц амьд гэрчтэй хэргийг илрүүлж чадахгүй бна гэдэг утгагүй. Үйлийн үр гэж байдаг юм