Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр (2018.11.14) Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр танилцууллаа.
Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь 1976 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр:
1984-1995 онд нийслэлийн 10 жилийн 60 дугаар дунд сургууль,
-1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль,
-2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй, хуульч цолтой.
1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд жолооч, нарийн бичгийн дарга,
2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга,
2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч,
2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч,
2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгч,
2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан байна. Мөн нэр дэвшигчийг ШЕЗ болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.
Шалгаруулалтад оролцсон шүүгчдээс хамгийн өндөр оноогоор н.Амарбаясгалан нэгт, хоёрт нь н.Буд, гуравдугаарт н.Ичинхорлоо, дөрөвдүгээрт С.Соёмбо-Эрдэнэ, тавдугаарт н.Эрдэнэбат нар жагсчээ.
Дашрамд дурдахад, С.Соёмбо-Эрдэнэ нь олны анхаарал татсан цөөнгүй хэргүүдийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болоод УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох зэрэг олны анхаарал татсан хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байжээ.