УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр (2018.11.13) болж, хуралдаанаар тус бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар гишүүдээс санал хураахад, гишүүдийн санал 29:29-өөр тэнцсэн тул дахин санал хураалт явуулсан юм.
Гишүүдийн санал хэрэв дахин тэнцвэл хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэх байв. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар даргалсан юм. Ингээд дахин санал хураалт явуулж, 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулав.
Бүлгийн шийдвэрийг хүндэтгэн дагана гэдгээ Д.Хаянхярваа хэлж байсан бөгөөд тэрээр “…Хууль дүрэм хэцүү болсон юм байна гэж харж байна, гэхдээ цаашдаа хэлэх зүйлээ хэлнэ, хязгаарлуулахгүй” гэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэх хуультай. Тиймээс өчигдрийн хуралдаанаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцээгүй юм.