Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Та улс төрийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж, төрийн өндөрлөгүүдэд шаардах бичгүүдийг байнга хүргэж ирсэн иргэний төлөөлөл гэдгийг хүмүүс сайн мэднэ. Таны байгуулсан Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны зорьж буй ажил одоо ямар шатандаа явж байгаа талаар ярилцлагынхаа эхэнд товч дурдахгүй юу?
-Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоог 2010 онд байгуулсан. Манай холбооны хийх ёстой ажил бол улс төрийн үйл ажиллагаанд оролцох, нам бус иргэдийн идэвхжлийг сайжруулах, төрийн үйл ажиллагааны тогтолцоог цэвэршүүлэх явдал юм. Үндсэндээ намуудын хатуу гишүүнчлэлийг таслан зогсоох, улс төрийн намуудыг бодлогын хандлага руу нь чиглүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа манай холбооны зүгээс үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчид хандаж уриалга, шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн. Үүгээр бид улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, намуудыг бодлогоор өрсөлддөг болгох хүртэл нь тухайн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж өгөх тухай асуудлаар байр сууриа илэрхийлж ирлээ. Энэ хүрээнд УИХ-д суудалгүй зарим жижиг намууд ч бодлогын чиглэл рүүгээ явж байна. Мөн бид энэ хавар Улсын дээд шүүхэд хандаж бүх намыг татан буулгах уриалгыг өгсөн. Намуудыг татан буулгаад нэг цэгээс шинэ зохион байгуулалттайгаар бодлогын цөөхөн намыг бий болгоё гэж байгаа юм. Гэхдээ Монгол Улсыг цаашид огт намгүйгээр явъя гэж би хэлээгүй. Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, бодитойгоор ханддаг байр суурийг илэрхийлдэг болъё гэсэн юм. Тэгэхгүй бол сонгууль дөхөөд ирэхээр л сонгогчдын хойноос хөөцөлдсөн, хатуу гишүүнчлэлд нэгдсэн тийм л нам сонгуульд ялж байна. МАН гэхэд л 267 мянга, АН 180 мянга гаруй, МАХН 120 мянга гаруй гишүүн дэмжигчидтэй гэдэг. Ингэж хүний тоогоор хөөцөлддөг, хатуу гишүүнчлэлд нэгдсэн тэр хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл дор үе үеийн сонгуульд ялалт байгуулж, улсыг 29 жил удирдаж ирлээ. Гэвч ингэж удирдсанаараа эд нар Монгол улсыг өнөөдөр ангалын ирмэгт авчирлаа шдээ.
-Намуудыг задлана гэхээр эвлэлдэн нэгдэх эрх зөрчигдөх тухай асуудал хөндөгдөхгүй юу?
-Ямар ч хуулийн заалтыг зөрчихгүй. Яагаад гэвэл тухайн хүн аль ч намыг сонгох эрх нь байгаа. Хамгийн гол нь хатуу гишүүнчлэл дор нэгдэхгүй байх ёстой. Жишээ нь, Ардын намын гишүүн байлаа гэхэд, АН-ын бодлого нь зөв байвал тэр намыг сонгуулиар дэмжих бүрэн эрхтэй болох юм.
-Хатуу гишүүнчлэл гэдгийг Та бүхэн яг юу гэж тодорхойлж байгаа юм бэ?
-Энэ хэсэг хүмүүс “намын батлах” гэдэг хатуу хавтастай цаасаар иргэдийг хувьчилж авчихаад байна шүү дээ. Ямар нэг том арга хэмжээ зохион байгуулаад бөөнөөр нь МАН, АН-ын гишүүн бол гээд батлахыг нь бичээд өгчихдөг. Тэгээд гишүүний татвар төлж байна. Тийм болохоор тэр хүн өөр намын үйл ажиллагаа, бодлого нь зөв байсан ч сонгох, дэмжих эрхгүй.
-Намуудыг татан буулгаад дахиад нам байгуулахад дахиад л одоогийн процесс үргэлжлэхгүй юу?
-Үгүй, энэ олон намын тогтолцоог халаад бодлогын цөөн намтай бол гэж байгаа юм. Бодлогын 10-15 намтай байхад л улс хөгжинө. Одоо 30 дахь нам бүртгүүлэх гээд явж байна. Шинэ оноос өмнө 31 намтай болж ч магадгүй. Сонгууль өгөх насны 2 сая 170 мянган хүн 31 намд хуваагдана гэдэг чинь нөгөө л жалга довны үзэл чинь улам өргөжинө. Эв нэгдлийг үгүй хийдэг юм чинь энэ олон намын тогтолцоо юм. Уг нь энэ бол ёс суртахууны л асуудал.
-Ёс суртахуунгүй гэдгээ олон жил, удаа дараа харуулаад ирсэн юм биш үү?
-Дээр гараад суучихсан намууд чинь хоорондоо бүлэг үүсгэчихсэн. Харахад тус тусдаа намын гишүүд, тус тусдаа бодлого хэрэгжүүлж байгаа юм шиг мөртлөө цаанаа эвлэлдэн нэгдээд, улсын төсөв мөнгийг, ард түмний баялгийг хулгайлахын тулд нэг хамааралтай болж эвсчихээд байна шүү дээ. Үүнийг л задлахын тулд намуудыг хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчидтэй болгох ёстой юм. Ёс суртахууны цаад талд хариуцлага бий. Гэхдээ хариуцлагын тогтолцоог ч сайжруулах хэрэгтэй.
Өнөөдрийн энэ парламент авлигажсан парламент. Тэгэхээр энэ парламент тарах бүрэн боломжтой. Яагаад гэвэл тойрогт хуваарилах нэрээр нэг гишүүнийг 8 тэрбумаар хахуульдаж байна. Тэд тойрогтоо энэ мөнгөөр ард түмэнд хэрэгцээтэй барилга байгууламжийг барих уу гэвэл үгүй. Энэ бүгд чинь улсын төсөвт суугаад жил болгон хэрэгжээд явдаг асуудал байхгүй юу. Орон нутагтаа үсрээд л 1 тэрбумыг нь зарцуулна гэж бодохоор бусдыг нь сонгуульд дахин сонгогдохдоо хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хууль боловсруулахын тулд чи дахиж гарч ирэх шаардлагатай байна шүү гэдэг утгаар нь олгож байгаа мөнгө болж таарч байгаа юм. Тэгэхээр сонгуулиар намын харьяалалгүй иргэдэд тараадаг мөнгө нь өсөөд шат дараалсан авлигын шинжтэй байр суурийг улам өргөтгөж, дараагийн сонгуульд ялалт байгуулахад зориулагдана гэсэн үг.
Шат дараалан өгч байгаа энэ шаардлагууд хэзээ нэгэн цагт баримт, гэрч болох учиртай
-Та нар нам, бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Гэтэл аль нэг нам үйл ажиллагааг чинь дэмжээд хамтрая гээд ирвэл яах вэ. Жишээлбэл, УИХ-ыг тараах саналыг дэмжиж байгаа намууд бий. Ер нь хамтран ажиллах санал ирж байсан уу?
-Монгол Улсын эрх ашигт, монголын ард түмний талд, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдтэй дуу хоолойгоо нэгтгэж ажиллах явдал зөндөө л байгаа. Энэ зорилгын төлөө намууд ч бидэнтэй хамтарч, дэмжиж ажилладаг. Тухайн нам зөв юм хийж байвал бидэнтэй хамтарч ажиллах эрх бүрэн нээлттэй. Бид нар нэгдэж олигархиудаас салахгүй бол Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал гадны нөлөөнд автах шинжтэй болжээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжинд заасан хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, газрын дээрх, доорх баялгийн тэгш хуваарилалтыг ард түмнийхээ талд шийдүүлэх, эдийн засгийн хараат байдлыг таслан зогсоох, олигархи луйварчдын намын бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэх, Оюу толгойн ордын асуудал, Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааны асуудал болон бусад төрийн өмчтэй ард түмний дундын эзэмшлийн асуудлыг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэх талаар Төрийн түвшинд санаачилга гаргаж, дуу хоолойгоо хүргэхээр 50 гаруй иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, 10000 гаруй иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан.
-Та нарын удаа дараагийн шаардлагын үр дүн одоогоор тодорхой харагдахгүй байна л даа. Энэ албан бичгүүдэд зөвшөөрөхгүй гэсэн хариу сонсдог учраас тэр байх гэж ойлгож байна. Тэгэхээр дахин дахин өгөхийн хэрэг байдаг юм болов уу?
-Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу улс эх орны маань дархан байдалд гаж нөлөө үзүүлж байгаа аливаа зүйлийг Монголын ард түмнийг төлөөлөөд холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүн өөрөө төрийн өндөрлөгүүдэд шаардлага тавих үүрэгтэй. Тиймээс бид УИХ-ыг тарах шаардлагыг дахин дахин хүргүүлээд байгаа юм. Бидний шат дараалан өгч байгаа энэ шаардлагууд хэзээ нэгэн цагт баримт, гэрч болох учиртай юм. Жишээлбэл, Оюутолгойн баялгийг ухаж дууссаны дараа нүхэнд нь цөмийн хог хаягдлыг булах гэж байна гэсэн байр суурийг илэрхийлж бид Армандо Торст нь албан шаардлага өгч байсан юм. Хэрэв тэд ямар нэгэн байдлаар олон улсын шүүхэд очлоо гэхэд “Танай улс чинь тухайн үед энэ талаар дуугарч байгаагүй, шаардаж байгаагүй шүү дээ.” гэж хэлүүлэхгүйн тулд эдгээр бичгүүд чинь нотлох баримт болж үлдэх учиртай юм.
Сармагчин биш л юм бол ухамсарлах цаг нь ирсэн
-Та бүхэн өөрсдөө бол нэлээд санаачлагатай ажиллаж яваа холбоо юм байна. Тэгвэл та нарт хандаж ямар хүмүүс ямар санал, асуудал барьж ирдэг вэ?
-Бидэнтэй нэгдэж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь нам бүлэглэлүүдээс ангижрах, ирээдүйн төлөө хамтарч нэгдэхээр ирдэг. Ногоон намын дарга О.Бум-Ялагч хүртэл бидэнтэй нэгдэж Засгийн газрын ордны гадаа жагсаж, дуу хоолойгоо хүргэж байх жишээтэй.
-Одоо Засгийн газар болон эрх баригч намын дотоод үймээн савнаасаа хальж байх шиг байна. Тэгэхээр та бүхний хүсээд байгаачлан эрх зүйн чадамжгүй гэж тодорхойлсон УИХ тарах нөхцөл бүрдэж байгаа болов уу?
-2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр бид УИХ-ын даргад болон Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах тухай шаардах бичгийг хүргүүлсэн. Уг нь энэ Их хурал хуулийн хүрээнд тарах бүрэн боломжтой. Тарах үндэслэл нь анхнаасаа л бүрдсэн.
-УИХ-ыг тараах тухай шаардлагадаа ямар хариу авч байсан бэ?
-Ямар ч байсан Ерөнхийлөгч бидний анх гаргаж байсан санаачлагыг дэмжээд Их хурлыг тараах түвшинд очсон ч УИХ-ын дарга тарахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Их хурлаас бидэнд ирсэн хариуны тухайд бол бидний өгсөн 12 үндэслэлийг шалгаад хуулийн зохицуулалтыг нь тайлбарлаад тарах боломжгүй гэсэн. Гэхдээ бидний саналаас үйл ажиллагаандаа мөрдлөг болгоод засаад аваад явахыг нь аваад хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн хариу өгсөн. Хариуцлага, ёс зүйгээр нь шахаж улс орон даяар давалгаалж чадах юм бол харин тараах ганц боломж үлдээд байна.
-Хариуцлагаас бултдаг, ёс зүйгүй байсан ч танхимын нөхөд нь хамгаалаад үлддэг дүр зургийг бид олон харж байна. Тэгэхээр энэ шахаа хэр үр дүнтэй байх бол?
-Хүн л юм бол ухамсарлах ёстой. Сармагчин биш л юм бол ухамсарлах цаг нь ирсэн. Хэрэв ухамсаргүй байх юм бол хүмүүс сармагчин шиг гэдгийг нь ойлгоод дахиж гаргаж ирэх ёсгүй. Одоо сонгогчид ч ухаарсан байх гэдэгт би итгэж байгаа. Үгүй бол бид энэ байдлаараа явсаар 50 жилийн дараа гэхэд бид монголоор ярих эрхгүй болно. Нутагтаа зөвхөн ард иргэд үлдэнэ. Харин ийм байдалд хүргэсэн хүмүүс нь аль хэдийнэ гурав дахь улсын иргэд болоод яваад өгнө.
Коммунизм гэж яриад байдаг, тэд чинь биднийг баялагтай нь үлдээсэн
-Иргэний нийгмийн байгууллагууд хэсэг дуугарч байснаа сураггүй болчихдог. Сүүлдээ олон нийт энэ байдлыг дүгнэхдээ мөнгөний төлөө хөдөлгөөн зохион байгуулдаг боллоо, жагсаал цуглаан ашиг сонирхлын чиг хандлагатай болсон гэж үзэх болсон. Энэ талаар таны байр суурийг сонсвол?
-Би саяхан есдүгээр сард уриалахдаа “ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд, холбоод, хөдөлгөөнүүд, намууд тус тусын чиглэлээр мөнгө олох аргаа олоод байна. Аль нэг гишүүн, яам, агентлагийн нэр дээр байгуулагдсан иргэний нийгэм, холбоод олон бий. Одоо хангалттай, та нар идэж ууж ханалаа. Нөгөөдүүлтэй нийлээд уусаад дууслаа. Тэгэхээр одоо бид нэг талдаа гарч хамтраад улсынхаа тусгаар тогтнол, мянга мянган үрсийнхээ ирээдүйн төлөө хөдлөх хэрэгтэй байна. Улс үгүй болох гэж байхад бид чинь нэг л удаа хүчтэй хамтарч олигархи болсон намын хэсэг бүлэглэлийн эсрэг тэмцэх л хэрэгтэй.
-Тэдэнд мөнгө өгч байгаа хүнийхээ эсрэг тэд хөдлөх болов уу даа. Та тэдэнд мөнгө өгөхгүй биз дээ?
-Би бол хэзээ ч мөнгө өгөхгүй. Миний зарласан жагсаал цуглаан дээр ирсэн хүн намайг хуушуур аваад өгөөч гэдэг. Би түүнд өгөх албагүй. Бусад хөдөлгөөнүүд том том лоозон станц, узель тавьдаг бол би А4-ийн цаасан дээр лоозон үгээ бичээд барьдаг. Ингээд Монгол Улсынхаа төлөө, хүний өөрийнгүй хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө тэмцэж байгаа би надтай нэгдэж ирж байгаа хүн бүрийг хүссэнээр нь хангах албагүй. Энэ чинь бид бүгдийн л төлөө шүү дээ. Улс үгүй болох гэж байхад надтай нэгдэх л болно.
-Бид тусгаар улс хэвээрээ шүү гэж хүмүүс хэлдэг байх. Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд бид яг одоо юу хийх ёстой вэ гэдгийг зарим хүмүүст хэлж өгөөч?
-Коммунизм гэж яриад байдаг, тэд чинь биднийг баялагтай нь үлдээсэн. Бид нар баялгийг нь үр дүнтэй ашиглаж улсынхаа хөгжлийг өндөр түвшинд авчирч чаддаггүй юм бол баялгаа тэнд нь хэвээр үлдээгээд хойч үедээ өгье. Тэд нар цаашаа зөвөөр нь аваад яваг л дээ. Ингэхийн тулд мөн тусгаар тогтнолыг нь хангаж үлдээх ёстой. Тусгаар тогтнол одоо алдагдаагүй байна гэж хэлж болно. Тэгвэл үүнийг үеийн үед хангаж явах ёстой байхгүй юу. Нөгөө улсууд чинь тусгаар тогтнолыг цусаараа зураад үлдээсэн юм. Гэтэл өнөөдөр Өмнөговийн зарим хэсэг хятадын мэдэлд очиход бэлэн болчихоод байна. Тэр их өрөндөө наадуул чинь аваад л явна. Оросынхыг аваад л явсан. Одоо Халхголын хэсгийг авах гээд л зогсож байна. Цахим орчинд Халхголд зарим монголчууд Хятадын харьяат болъё гээд өргөдөл бичээд гишүүн асан Дэмбэрэл өргөдлийг нь бариад зургаа авахуулаад ярьсан байгаа биз дээ. Ийм учраас л би олон удаагийн жагсаал цуглаан хийж, шаардлагуудыг өгөөд яваад байгаа юм шүү дээ.
65 кноп дарах эрхтэй МАН өнөөдөр Үндсэн хуультай орооцолдохгүй шүү
-Таны хийж байгаа ажилд хэн зөвлөж, тусладаг вэ?
-Иргэний нийгмийнхэн, холбоод бүгд хурлаа хийгээд хөндөх асуудлуудаа хэлэлцдэг. Надад хүн зөвлөх ямар ч шаардлага байхгүй. Хэн нэгэн надад зөвлөх юм уу, би аль нэг намын харьяалалд орох юм бол худлаа ард түмний нэр барьж, дуу хоолойгоо хүргэх ямар ч шаардлага байхгүй. Бусадтай адил намын ажлыг нь хийгээд явсан нь дээр.
-Иргэний хөдөлгөөнөөс төрийн ордонд орсон хэд хэдэн хүн бий. Шулуухан асуухад танд бас төрийн ордонд орж суух бодол байдаг уу?
-Миний хойно бол нэг ч нам байхгүй. Надтай харьяалал хамааралтай нэг төрийн өндөр албан тушаалтан байхгүй. Миний зөвлөх бол Үндсэн хууль. Мэдээж одоо байгаа гаж тогтолцоог халахын тулд би өөрөө Их хуралд очих л ёстой. Би ганцаараа биш, олуулаа байж дээд, доод парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Бүх нийтийн хэлэлцүүлэг явуулж байж Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Тэгж байж бусад хууль тогтоомжоо Үндсэн хуульдаа нийцүүлж боловсруулж гаргах ёстой юм.
-Үндсэн хуулийг өөрчлөх нь зарим бүлэглэлүүдэд ашигтай гээд байх юм билээ. Та бол өөрчлөхийг дэмжиж байгаа юм байна тийм үү?
-65 кноп дарах эрхтэй МАН өнөөдөр Үндсэн хуультай орооцолдохгүй шүү. Оролдохгүйгээр сонгуульт ажлаа дуусга. Нэг бол наана нь тар. Харин үүнийг дараагийн гарч ирэх парламент ард түмнээс санал авч байж өөрчлөлт оруулах нь зөв.
-МАН дахиад олонх болохгүй гэдэгт Та итгэлтэй байгаа юм уу?
-Олонх болгохгүй гэдэг талаас нь бид ярьж, бохир бүхнийг гаргаж ирж байна шдээ. Би ганцаараа яриад байгаа юм биш. АТГ нь, цагдаагийн байгууллага нь, хууль хяналтынхан нь хүртэл үндэслэлтэй нь тайлбарлаад мөнгө авчихсан гэдгийг нь гаргаж ирчихээд хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа. Энэ нь бүлэглэл оршин тогтнож байгаагийн илрэл.
-Танай холбооноос төрд гараад бас нэг фракц үүсэхгүй, эсвэл нэг фракцид нэгдэхгүй гэх баталгаа байхгүй биз дээ?
-Бид нар орон нутгаар ч юм уу явахаар дараа нь чи гарах гэж байгаа юм уу гэдэг. Гэхдээ би үгүй гэж худлаа хэлэх шаардлага байхгүй. Гарна, гарахдаа ийм тогтолцоог өөрчлөхийн тулд ажиллана гэж хэлнэ. Надад бол хувийн ашиг сонирхол байхгүй. Сонголтгүй сонгуулийг 29 жил явууллаа. Одоо энэ Их хурлыг тарааж чадах юм бол бид шинээр жинхэнэ сонголттой сонгуулиа явуулъя гэж уриалж байгаа юм.
-Гарахын тулд гоё сайхан үг хангалттай л ярьдаг. Тэгсээр байгаад иргэдийн итгэл гэдэг зүйл үгүй болж байна. Таны сайхан үгэнд яаж итгэх үү?
-Гоё юм ярина. Одоо энэ гишүүд чинь ичихгүй, зовохгүй, хэлж байснаа санахгүй, тэгээд Зөрчлийн хууль урдаа бариад явдаг. Ийм гишүүдтэй байсан нь дээр үү, эсвэл ард түмний төлөөлөл болсон, хэлсэн үгэндээ байдаг, дуу хоолойгоо өөрчилдөггүй эх орончтой байсан нь дээр үү гэдэг сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхийн тулд итгэх ёстой. Гэхдээ би одоо шууд ингэж чадна гээд үзүүлэх арга алга л даа. Тэгэхээр зөв гарц гаргалгаагаа харахын тулд хуулийн хүрээнд сонголтоо зөв хий гэж л хэлнэ дээ.
Санхүүжилтийг чинь хариуцаад та нар жагсаал хийгээд өгөөч гэдэг ч улсууд байна
-Таны үйл хэргүүд цаашид хэрхэн өрнөх вэ. Та хийж байгаа ажлынхаа ирээдүйг яаж харж байна?
-Саяын хэлсэн ийм аймшигтай байдалд хүргэхгүйн тулд бид нэгдмэл бодлоготой гэдгээ харуулахын тулд нэг талдаа гарах ёстой юм. Энэ ажил ч амжилттай хэрэгжиж байгаагийн жишээ бол одоо 50 гаруй иргэний нийгмийн болон ТББ-ууд, 15 мянган иргэн нэгдсэн явдал гэж хэлж болно. Энэ дунд Ногоон нам, ИЗНН ч хүртэл хамтарч ажиллаж байгаа. Бүгд нэг талдаа гараад нэгдмэл санаагаар дусал ч цус гаргалгүйгээр жагсаж, тэмцэж чадах юм бол боломж байна. Бид юунаас айгаад байгаа вэ гэхээр өр зээлтэй, эсвэл төрийн албан хаагч бол ажлаа алдаж магадгүй гээд дуугарч чадахгүй, амжихгүй, завгүй байгаад байна. Гэвч дуугарахгүй л бол бид энэ хэвээрээ л байна, улам доройтно.
-Таны амыг хаахыг хүсдэг хүмүүс байдаг л байх. Тэр ч утгаараа янз бүрийн саналууд ирж байсан биз. Хэн гэдгийг нь нууцалж болно, хамгийн дээд тал нь хэдэн төгрөг танд санал болгож байсан бол?
-Би хэнтэй ч тохиролцохгүй, тохиролцох хүсэл ч байхгүй. Би тийм хүсэлт хүлээж авах ч үгүй. Яахав, дам хүнээр яриулах гэдэг юм. Бас өөрсдөө ч ирж уулзъя ч гэдэг. Хүн хүн өөр өөрөөр л ярьдаг. Жишээ нь зүгээр юм ярьж сууснаа надад ийм тохиролцоо байна гэнэ. Нэг бол шууд ярьдаг хүн байна, утсаар мессэж бичнэ. Санхүүжилтийг чинь хариуцаад та нар жагсаал хийгээд өгөөч гэдэг ч улсууд байна. Би үгүй гэж хэлдэг. Захиалгаар жагсаал цуглаан хийдэг нь би биш. Би тэр хүмүүсийг хүлээж авдаггүй. Надад тохиролцох ямар ч шаардлага байхгүй. Надад эх орон, баялгийн тэгш хуваарилалт, ард түмний хангалуун амьдрал л хэрэгтэй. Надад мөнгө ч хэрэггүй.
-Нам бус хэчнээн иргэд танай холбоонд нэгдээд байгаа вэ?
-Сонгуулийн насны 2 сая 170 гаруй мянган хүний 70 хувь нь нам бус байна. Аль ч намын харьяалалгүй энэ хүмүүс сонгуульд идэвхтэй оролцоогүй байдаг юм. Яагаад гэвэл тэд сонгууль өгсөн, өгөөгүй намаас гарах хүмүүс нь гардагаараа гарна гэж боддог. Зарим нь хэдэн төгрөг өгөхөөр тэр намынх нь нэр дэвшигчид саналаа худалддаг. Нам бус иргэдээс 15 мянга гаруй хүн, 50 гаруй ТББ бидэнтэй нэгдээд байна. Аймгуудад мөн бид салбар зөвлөлүүдээ нээн ажиллуулж байгаа.
-Байр сууриа илэрхийлж ярилцсанд баярлалаа.
-Бид хэзээ хаана энэ халуун амь, бүлээн цусаа Монгол Улсынхаа төлөө өгөх вэ гэдэг цаг хугацааг бид нар нэгдмэл бодлогоор, нэг байр суурьтайгаар нэг газар л өгөх ёстой. Харин юу ч хийж амжилгүй, дуу хоолойгоо өргөх төдийхнээр амь насаа алдана гэдэг бол аюул. Төрийн өмчийг төрд нь зориулах ёстой гэдгийг л би олон жилийн турш хэлж яриад байгаа юм шүү. Баярлалаа.
Ярилцсан Я.ХУЛАН