Төрийн түшээд ам нээх бүртээ авлигагүй орон болох тухай ярьж, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлсэн ч манай улс авлигын индексээрээ 170 орны 103-т жагссан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 байраар ухарсан үзүүлэлт билээ. Авлига ийнхүү өргөжихөд олон хүчин зүйл нөлөөлөх ч улс төрийн нам өөрөө хамгийн өндөр эрсдэлийг өвөртөлж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, хандивлагчид нь нууц байгаа учраас тэнд авлигын үндэс бий болох хамгийн өндөр эрсдэлтэй юм.
ХАНДИВААР “БАРЬЦААЛАГДСАН” НАМУУД
Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах гол эрх зүйн акт нь 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хууль. Уг хуульд зааснаар намын санхүүжилтэд гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, өмчлөлд байгаа эд юмс, хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого, өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого, мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү зэргийг оруулдаг.
Ингэхдээ хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглохоор хуульчилсан. Гэсэн ч бодит байдалд хандивлагчид эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хандив өгөх тохиолдол цөөнгүй бий нь үнэн. Улстөрчдийн хувьд ч хандивлагчийн эдийн засгийн ашиг сонирхлыг дөвийлгөх, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, тэдний эрх ашгийг илэрхийлэх тохиолдол олон байгааг судлаачид онцолж буй. Энэ нь үндсэндээ хандив нэртэй авлига намын санхүүжилтэд дөрөөлөн төрийн тогтолцоонд сууриа тавьсны илрэл юм. Нэг үгээр хэлбэл, хандиваар “барьцаалагдсан” намууд улс төрийн шийдвэр гаргаж байна.
НАМУУД САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ БОЛГОХ ХҮСЭЛ, СОНИРХОЛГҮЙ
Улс төрийн нам авлигын өндөр эрсдэлтэйг харуулсан олон судалгаа гарчээ. Тухайлбал, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс санаачлан “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэл” судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Ингэхдээ улс төрийн намын удирдах албаны төлөөллүүдтэй уулзаж, асуулга тавихад тэд гишүүдийн татвар төлөлт, хандивын дүн, нийт санхүүжилтийн мэдээлэл өөрт нь болон жирийн гишүүдэд ч хаалттай байдгийг хэлсэн байна.
Улмаар судалгааны урьдчилсан дүгнэлтээр намуудад хариуцлага тооцох механизм байхгүй, намын гишүүдийн ихэнх нь татвараа төлдөггүй, хандивлагчаа нууцалдаг, санхүүжилтийг ил тод байлгахыг үзэл санааны хувьд дэмждэг ч ил болгох хүсэл, сонирхол байхгүй гэжээ. Тэгвэл ийм байдлыг арилгах оновчтой гарц нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, хяналтыг чангаруулах шаардлагатай гэдгийг судлаачид хэлж байгаа. Уг нь Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан.
Одоогоор хуулийн төслөөр мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байгаа бөгөөд намын санхүүжилтийг хэрхэн тусгаж буй нь тодорхойгүй байгаа юм. Харин бусад улс оронд хандивыг хүлээн зөвшөөрдөг ч намын санхүүжилтээ олон нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Тухайлбал, АНУ-ын хувьд олон нийтийн хяналтын дор санхүүжилтээ ил тод болгоход тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг онцолсон байна. Тиймээс тус улсын улс төрийн намууд хэнээс, хэдэн төгрөг авснаа олон нийтэд мэдээлдэг аж.
НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ БОЛГОЁ
Намын санхүүжилтийг ил болгож, авлигын эрсдэлийг бууруулахын тулд хяналтын системийг сайжруулахын зэрэгцээ төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг судлаачид онцолж байгаа. Тиймээс ч одоо хэлэлцэхээр бэлтгэж буй Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд намын удирдлагууд төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх санал оруулсан. Уг нь манай улсын хувьд УИХ-д суудал авсан намд УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1,000 төгрөгөөр тооцож, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг хуультай.
Үүнээс гадна УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам тухайн намд санхүүжилт олгохоор хуульчилсан. Ингэхдээ энэ мөнгөний 50 хувийг гишүүдийн тойрогт зарцуулахаар заасан ч хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Улмаар төрийн санхүүжилт парламентад суудалгүй намуудад хүртээлгүй учир сонгуулийн саналын дүнгээс хамаарч бүх намд санхүүжилт олгохыг хуульчлахыг намын удирдлагууд хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм.
Хэдийгээр намуудад төрөөс санхүүжилт олгох нь тэднийг идэвхжүүлж, санхүүгийн сахилга баттай болгох давуу талтай ч хяналтын тогтолцоог сайжруулахгүй бол одоогийн байдал сайжрахгүй гэдгийг судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг ил болгохыг хуульчлахгүй бол төрөөс санхүүжилт олгоод ч намын санхүүгийн сахилга бат сайжрахгүй. Тиймээс намын санхүүжилтийг төрөөс олгохоос өмнө намын санхүүг хянах институцийн ажлыг чангаруулах шаардлага тулгарч байгаа юм.
Уг нь намын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын газраас хяналт тавьдаг ч тухайн намаас гаргасан тооцоонд л шалгалт хийж буй нь үр дүнд хүрдэггүй гэдэг. Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгох хуулиа чангаруулах нь зүйтэй. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг нутагшуулахад буруудахгүй нь лавтай.
Б.Цэнд-Аюуш
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин