Монголбанк энэ жилээс эхлэн алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн тус банкинд тушаах алтыг гадаад валютын нөөцийг нэмэгдүүлхэд зарцуулах болсноо мэдэгдлээ. Энэ нь сэхээнд байгаа эдийн засгаа сэргээхэд чухал хувь нэмэр болох бөгөөд бөгөөд улсын валютын нөөц даруй 800-880 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой юм байна.
Мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор Монголбанкны авах алтны хэмжээ энэ онд 20-22 тоннд хүрэх боломжтой аж. Үүнийг оны эхний гурван сарын статистик мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Төв банк өнгөрсөн жилүүдэд гадаадын банкиудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр богино хугацаатай зээл авсан байна. Зээлийг өнгөрсөн жил барагдуулжээ. Тухайлбал 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг 9.3% хүртэл хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Эдгээр зээлийн эргэн төлөлтөд 2014 оноос өнгөрөгч жил хүртэлх гурван жилийн хугацаанд тус банк нийт 12.1 тонн алтыг гадаад руу гаргажээ. Дээрх зээлийн нөхцөл нь эдийн засагт ямар ч ашиггүй, алдагдалтай байсан аж. Үүнийг банкны шинэ удирдлага судалж өмнөх нөхцөлөөр дахин зээл авахыг бүр зогсоожээ гэж Монголбанкнаас мэдээлэв.