Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Дауны холбоонд 10 сая төгрөг өглөө. Энэхүү үйл ажиллагаанд “Чингис хаан” банкны ТУЗ-ийн дарга Д.Чимэддагва, Бизнес хөгжлийн газрын захирал А.Сандагсүрэн болон Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг, гүйцэтгэх захирал Б.Батцэцэг болон Монголын Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвд суралцаж буй “Нисдэг баг”-ийн залуус ээжүүдийнхээ хамт оролцлоо.
Энэ үеэр “Чингис хаан” банкны ТУЗ-ийн дарга Д.Чимэддагва “Хүн хорвоо дээр төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховорхон хувь заяа гэж үздэг. Хорвоо дээр хүн болж төрсөн бол утга учиртай амьдрах учиртай. Өвчтэй, эрүүл ямар ч тохиолдолд тэгш эрхтэй, аз жаргалтай амьдрах учиртай гэсэн ухагдахуун бий. Их Эзэн хааныхаа мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг нийгэмшүүлэхэд өчүүхэн ч гэсэн сэтгэлийн дэм болъё гэж бид шийдсэн. Монголын дауны холбоо даунтай хүүхдүүдийн сурах эрхийг хангах, ажил эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.
Энэ ажлуудад нь өчүүхэн ч гэсэн дэм болох байх аа. Манай банкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажилд оролцож байсан ч энэ удаагийн арга хэмжээнд маш их ач холбогдол өгч байна” хэмээн хэллээ. “Чингис хаан” банк 2001 онд үүсгэн байгуулагдаад 2015 оноос Үндэсний хөрөнгө оруулалттай арилжааны банк болж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд тус банкны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байсныг “Чингис хаан” банкны Бизнес хөгжлийн газрын захирал А.Сандагсүрэн ярилаа.
Тэрээр “Манай банк Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Тал нутгийн марафон” арга хэмжээнд гурван жил хамтран ажиллаж байна. Тэнд оролцогчдын бүртгэлийн хураамжийг төлөхөөс эхлээд тодорхой зардлуудыг манай банкнаас гаргаж ажиллаж байсан. Өнөөдрөөс Монголын Дауны холбоотой хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн ярьсан юм. Монголын Дауны холбоо байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тус холбоонд бүртгэлтэй 300 гаруй гишүүн бий.
Тэдний 20 гаруй хувь буюу 70 гаруй залуус хөдөлмөр эрхлэлтийн насанд хүрчээ. Монголын дауны холбооны эрхэм зорилго бол Оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг татвар төлөгч болгох. Энэ хүрээнд “Мицүбиши” компанийн хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр сургалтын төв байгуулан ажиллаж байгаа. Эхний ээлжид “Нисдэг баг”-ийн 10 залуу ээжүүдийнхээ хамт нэг жилийн хугацаанд тус төвд ажиллангаа суралцаад кофе шопод ажиллах дадал хэвшлийг бий болгох юм.
Мөн саяхан нэг сайхан мэдээ сонссон нь Баянхошууны эцэст байрлах Дэлхийн зөн байгууллагын хүлэмжид оюуны ялгаатай хөгжилтэй залуус ажиллаж, сурах боломж бүрджээ. Монголын дауны холбоо цаашид дэргэдээ Кофе шоптой болох зэрэг олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Тиймээс холбооны цаашдын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс байвал нээлттэй гэдгийг хэлж байлаа.