Британийн өглөөний This Morning шоугаар сүйт залуугийнхаа төлөө 80 килограмм шахам жин нэмсэн нэгэн эмэгтэйн яриа гарчээ. Ярианы зарим хэсгийг Youtube-д оруулсан байна. Хөтлөгч Филипп Скофилд, Рошель Хьюмс нар дурлалт хос болох Австралиас ирсэн Роза, Жефф нараас ярилцлага авчээ. Бүсгүй Жеффтэй танилцсанаасаа хойш 188 кг жинтэй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл 76 кг-аар жин нэмжээ. Тэд фидеризм буюу хайртай хүнээ хооллох дуртай хүмүүсийн тусгай сайтаар танилцжээ. Ингээд нэг жилийн турш харилцсаны эцэст Жефф төрөлх Нидерландаасаа Австралид иржээ.
Роза ярилцлагынхаа үеэр таргалахын тулд залхуу байх шаардлагагүй гэсэн байна. “Бид зөвхөн гэртээ хийсэн хоолоо иддэг. Би зүгээр л илүү их хэмжээгээр идэж, шөнө бие биенээ хооллох дотно харилцаа үүсгэдэг” гэжээ. Тэрбээр мөн жин нэмсний дараа илүү өөртөө итгэлтэй, тачаангуй болсон гэж үзэж байгаа ч дахиж жин нэмэхээр төлөвлөөгүй байна. “Бид тодорхой хэмжээгээр аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Бид хэн нэгэнд хор хохирол учруулах юм юу ч хийгээгүй” хэмээн Роза өгүүлжээ. Шоуны үзэгчид нэвтрүүлгийн баатарт огт итгээгүй байна. Тэдний олонх нь 188 килограмм жинтэй бүсгүй эрүүл амьдралын хэв маягтай байна гэж үзэхгүй байгаа аж. Зарим нь найз охиноо таргалуулдаг Жеффийг хүртэл буруутгажээ.
Эх сурвалж: Лента