2016 онд эхийн эндэгдэл өсч 100 000 амьд төрөлтөд 48.6 болж өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 22.6 промилээр, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын болон 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1.5-2.5 промилээр тус тус өссөн байна. Хэдийгээр Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн эх, нялхасын эндэгдлийг бууруулах зорилтдоо амжилттай хүрч, бүсийн орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа хэдий ч олсон ололт амжилтаа бататгаж түүний тогтвортой байдлыг хадгалах чадавхи төдийлөн бүрэлдээгүй байгааг 2016 он харууллаа. “Эх яагаад эндэв” судалгааны дүнгээр 2012-2015 онд эндсэн 118 эхийн олонх нь жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгээр эндсэн нь жирэмсэн үеийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлээгүй, эрт илрүүлсэн ч цаашид жирэмснийг үргэлжлүүлж чадах эсэхийг зөв үнэлээгүй байна. Мөн эх барихын шууд шалтгаантай нас баралтад үжил, цус алдалт, манас таталтын урьдал, манас таталт тэргүүлж байгаа бөгөөд үүнээс зөвхөн үжлээр эндсэн эхийг авч үзэхэд мэс заслын болон төрсний дараах үед илүүтэйгээр энджээ.
Судалгаагаар эхийн эндэгдэл 2, 4, 7, 10 сард олон тохиолдож байгаа бөгөөд нийт эндсэн эхийн 33.1% бямба, ням гараг, амралтын өдрүүдэд энджээ. Энэ нь хавар намрын нөр их ажлын үеэр иргэд эрүүл мэнддээ анхаарах анхаарал суларч байгаатай холбоотой байх магадлал өндөртэй тул бид иргэдэд энэ талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөөг сайн өгч ажиллах хэрэгтэй байгааг харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн өнөөдөр болсон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр танилцуулсан байна.