УДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тайзнаа энэ сарын 08-нд толилуулна.
Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч бичжээ. Уг дуурьт Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг.
Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай энэхүү дуурьт өгүүлнэ.
“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллажээ.
Уг дуурийн тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд цахим тасалбарыг www.ticket.mn, 1900-1800 болон УДБЭТ-ын билетийн кассаас авах боломжтой.